Монголчуудын АНУ-д бүтээсэн кино нээлтээ хийв

Монголын мэдээ | Соёл урлаг
192@montsame.mn
2021-06-16 14:34:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уран бүтээлчид АНУ-д анх удаа бүрэн хэмжээний уран сайхны кино хийжээ. "Six feet" нэртэй тус киноны нээлт Виржини мужийн Арлингтон хотын кинотеатрт өнгөрсөн 7 хоногт болов. Киноны зохиолыг найруулагч Б.Чингүүн бичиж найруулан, АНУ-д ажиллаж, амьдарч буй жүжигчин, СТА Б.Болдбаатар продюссероор ажиллаж, Монголоос жүжигчин Ч.Сэлэнгэ гол дүрийг бүтээжээ. 

"Могул пикчерс" студи АНУ-ын уран бүтээлчидтэй ("Lebu media Entertainment") хамтран бүтээсэн уг кинонд цар тахлын үед Америкт амьдарч буй гадаадын иргэдийн, тэр дундаа монголчуудын амьдрал, хүнд хэцүү нөхцөлийг хэрхэн даван туулж буй талаар гаргажээ. Тодруулбал уг киног дэлхий нийтийг цочроосон коронавирусний халдварын улмаас АНУ-д Ази хүмүүс ялгаварлан гадуурхагдаж байсан хүнд хэцүү цаг үед Монголын уран бүтээлчид зориг гарган зураг авалтаа хийж, арьс өнгөөр ялгаварлан гадуургахын эсрэг тэмцэж байсан үеийг бодитоор тусгажээ. Нөгөө талаар монголчууд АНУ-д анх удаа ийм бүрэн хэмжээний уран сайхны бүтээл хийсэн, англи, монгол хэлээр анх удаа гарч буй зэргээр уг кино олон онцлогтой болсныг гадаад, дотоодын шүүмж судлаач, киноны мэргэжилтнүүд дүгнэж байна.




Цар тахлын үед орон орны хүмүүс биеэ хэрхэн авч явж буй, хүнд нөхцөлд тулгарсан бэрхшээл, гэр бүл, хайр сэтгэл, монголчуудын амьдрал ахуйд тохиолдож буй бүхнийг, гол нь монгол хүний амьдрах чадварыг кинонд тусган гаргахыг хичээснээ жүжигчин Б.Болдбаатар хэлж байна. Хүний шунал хэмээх хэт их хүсэл цар тахлаас ч илүү аюул дагуулж байдаг гэдгийг, хувь хүний орон зайн халдашгүй байдлыг хүндэтгэх, хүний мөн чанар гээд олон зүйлийг хөндөн багтааж, тэр бүхнийг уран сайхны аргаар сонирхолтой хэлбэрээр гарган харуулснаа найруулагч Б.Чингүүн хэлж байна.




Киног өнгөрсөн жил Америкт бүх зүйл хаалттай, хүнд хэцүү нөхцөлд тухайн үеийн байдлыг уран бүтээлдээ тусгая хэмээн Монголын уран бүтээлчид зориг гарган олон саад бэрхшээлийг туулан бүтээжээ. Кинонд Америкийн Брайн Лопез, Эди Сайтс зэрэг жүжигчид тоглож, гадаад дотоодын 20 гаруй уран бүтээлч хамтран ажиллажээ. Тэд монголчуудтай нэг кинонд хамтран дүр бүтээснээ онцолж өөр өөр соёл нэгдэх нь сонин байлаа гэдгээ илэрхийлж байв. 




Киноны гол дүрийг продюсер Б.Болдбаатар, жүжигчин Ч.Сэлэнгэ нар бүтээжээ. Жүжигчин Ч.Сэлэнгэ "Хайр", "Аз жаргал", "Охид" зэрэг Монголын уран сайхны кинонд тоглож байсан бол Б.Болдбаатар нь Америкийн театрын тайзнаа анх удаа тавьсан "Би хэн бэ?" монгол жүжгийг бичиж гол дүрд тоглон,  "Харьд явахад нутгаа" хэмээх яруу найргийн цувралыг гаргаж байсан уран бүтээлч юм. АНУ-д сурч, амьдарч, ажиллаж буй эх орон нэгтнүүд бодит байдлыг зоригтой гаргасан Монголын уран бүтээлчдээр бахархаж байгаагаа илэрхийлж байна.

Киног анх өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Виржина муж болон нийслэл Вашигтоноос эхлэн 5 өдрийн турш үзэгчдийн хүртээл болгож, үргэлжлүүлэн Чикаго, Дэнвер, Сан-Франциско хотуудад гаргахаар төлөвлөж байсан бөгөөд саяхан ийнхүү албан ёсоор нээлтээ хийв.






Холбоотой мэдээ