Бод малын зохиомол хээлтүүлгийн технологич бэлтгэж байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-15 16:50:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төв, “Нутаг академи” ТББ-тай хамтран сүүлийн 5 жилийн турш “Бог, бод малын зохиомол хээлтүүлгийн технологич бэлтгэх” сургалт зохион байгуулж байна.


Бод малын зохиомол хээлтүүлэгчийн технологич бэлтгэх сургалт энэ сарын 14-27-нд Улаанбаатар хот болон Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үргэлжилж, 6 аймгийн 30 гаруй иргэн хамрагдлаа. 


Сүүлийн жилүүдэд малын тоог нэмэхээс илүү чанарыг нь сайжруулж, цөөн атлаа өндөр ашиг шимтэй мал өсгөн үржүүлэх хүсэл эрмэлзэлтэй малчин, аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн. Төр засаг ч ашиг шимт цэвэр үүлдрийн малын үржүүлгийг бодлогоор дэмжиж, үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай мал үржлийн технологич мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарч байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв.


Сургалтад хамрагдсан хүмүүстэй эргэх холбоо тогтоож, нэгдсэн зохион байгуулалт буюу хоршооны хэлбэрт оруулж, бодлого болгохыг чухалчилж байна. Өөрөөр хэлбэл, технологичоор бэлтгэгдсэн хүмүүс аймаг, бүс нутагтаа энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг болох аж.


Үйлчилгээ үзүүлсэн малын тухай мэдээлэл нь хөдөө аж ахуйн цахим системд орж, “баталгаатай, эрүүл, гарал үүсэл нь тодорхой” малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх нөхцөлийг бүрдүүлэх бодлого, чиглэлээр салбарын яам ажиллаж байгааг Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг онцлов.


Манай улсад 1990 оноос өмнө нэг жилд 75-100 хүн дээд мэргэжлийн мал зүйчээр суралцаж байсан бол энэ тоо 20-30 болж цөөрчээЭнэ мэргэжилтэн ховордсоноор Монгол Улсын малын чанарыг шинжлэх ухааны үндэстэй, мэргэжлийн заавар, зөвлөгөө, удирдамжийн дагуу зохион байгуулах ажил орхигдож байна. Иймд арьс шир, ноос, сүүний урамшууллыг малчид, иргэдэд олгож, сум бүрд мал үржлийн мэргэжлийн тасаг, алба бий болгож байна. Мөн ашиг шимтэй малын үр үржүүлгийн бүтээгдэхүүнийг Малын удмын сангийн үндэсний төвөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа аж.  

Холбоотой мэдээ