Японы сөрөг хүчнийхэн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолыг өргөн барьжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-06-15 09:10:38

ТОКИО. /Кyodo/. Японы сөрөг хүчний дөрвөн нам Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолыг парламентаар хэлэлцүүлэн, санал хураалгахаар мягмар гарагт өргөн барьжээ.


Коронавирусний тархалтыг хязгаарлах бодлогоо хэрэгжүүлж чадаагүй гэж сөрөг хүчнийхэн одоогийн Засгийн газрыг буруутгаж байна. Одоогийн танхимын улс төрийн өрсөлдөгчид мөн парламентын чуулганыг гурван сараар сунгаж, тахалтай тэмцэх шинэ арга хэмжээг хэлэлцэж батлахыг шаардаж байгаа аж. Парламентын одоогийн чуулган зургаадугаар сарын 16-нд өндөрлөх ёстой юм. 


Харин парламентын хоёр танхимд олонхын суудал эзэлдэг эрх баригч Либерал-Ардчилсан нам болон тус намын эвслийн түнш “Комэйто” нам сөрөг хүчнийхний тогтоолын төслийг буцаах төлөвтэй байна.


Сөрөг хүчний энэхүү маневр нь энэ жил болох парламентын доод танхимын сонгуультай холбоотой байна. Хуулийн дагуу сонгууль 10 дугаар сарын хоёрдугаар хагасаас өмнө болох ёстой боловч Ерөнхий сайд хугацаанаас өмнө явуулах эрхтэй байдаг аж. Коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Японы одоогийн Засгийн газрын дэмжлэгийн үзүүлэлт эрс унажээ. Япон улс вакцинжуулалтаараа “Долоогийн бүлэг”-ийн орнуудаас хол хоцорч байгаа юм.


Холбоотой мэдээ