Номын сангуудыг цахимжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-06-11 17:42:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар "Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж буй 29 дэх удаагийн Үндэсний номын баяр өнөөдөр төв талбайд нээлтээ хийлээ.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярыг нээж хэлсэн үгэндээ, "Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, уншигч ард түмэн болох нь бидний хөгжлийн түлхүүр юм. Цаг үетэйгээ хөл нийлүүлж орчин үеийн техник, технологийг ашиглан цахим ном, цахим номын сан, сонсдог ном, аудио ном, тоон номыг монгол номын соёлын хүрээнд нэвтрүүлэх нь чухал. УИХ-ын даргын хувьд Монгол Улсын хэмжээнд буй бүх номын сангуудыг цахимжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна" гэлээ.

 

Соёлын яамнаас уламжлалт номын баярыг улс орон даяар 15 дахь жилдээ зохион байгуулж, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлсэн “Номын соёлт ертөнц” ТББ-ын соёлын менежер Ц.Бадамсүрэн, Г.Ганчулуун нарыг яамны жуух бичгээр, мөн “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн”-ээр, ном унших соёл дэлгэрүүлэх үйлсэд үе тэнгийн найзуудаа манлайлж, номын баяр тэмдэглэхэд сүүлийн 10-аад жил идэвх зүтгэлтэй оролцон, өөрсдийгөө хөгжүүлж байгаа Нийслэлийн 62-р сургууль 11-Б ангийн сурагч Ч.Номинжин, Нийслэлийн 143-р сургууль 12-А ангийн сурагч Ө.Ариунзаяа, Нийслэлийн 20-р сургууль 9-б ангийн сурагч Х.Батзолбоо, Нийслэлийн 1-р сургууль 12-в ангийн сурагч М.Дөлгөөн нарыг тус тус шагнав. Шагналыг Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг гардууллаа.

 

Номын баяр "Илүү их уншъя" уриатайгаар гурван өдөр үргэлжилнэ.







Холбоотой мэдээ