Тяньжин боомтод чингэлэг бөөгнөрсөн асуудлыг шийдвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-10 20:06:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Тяньжин боомтод саатсан 3162 чингэлгийн асуудлыг шийдвэрлэх тухай Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны хүсэлтийг шийдвэрлэхээр ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, мөн Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагууд ажиллаж байна.


Энэ сарын 9, 10-нд Тяньжин боомтоос импортын чингэлгийн 4 галт тэргийг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан бөгөөд одоогоор дахин 6 галт тэрэг Эрээн өртөөг чиглэн замд явж буй тухай Хятадын төмөр замын байгууллагаас мэдээлэв. Хоёр талын төмөр замын байгууллагуудын тохирсон хуваарийн дагуу хэвийн горимоор өдөр бүр нэг галт тэрэг хүлээж авдаг байсан. Монгол Улсын тал чингэлгийн бөөгнөрлийг шийдэх асуудлыг БНХАУ-ын ГХЯ, “Хятадын Төмөр замын групп” ХХК-д тавьсан бөгөөд Хятадын тал боомтод хуримтлагдсан чингэлгийг яаралтай горимоор тээвэрлэхээр шийдвэрлэсэн тул ийнхүү галт тэрэгний тоог нэмсэн байна.


Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын байгууллагууд харилцан тохиролцсон хуваарийн дагуу төмөр замын тээвэр хэвийн явж байна. Хоёр талын төмөр замын байгууллагууд оны эхэнд экспорт, импорт, транзит ачааны хэмжээг тохирч протокол зурдаг ба үүний дагуу галт тэрэгний хуваарь гаргаж, тээвэр зохион байгуулалтыг хийдэг. Чингэхдээ импортын ачааны хэмжээнд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй. Мөн транзит ачааны хэмжээг жилээр тохирч, сард хүлээж авах транзит галт тэрэгний тоог зохистой хэмжээнд явуулдаг байна. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагууд, тээвэр зуучлагчид чингэлэг ачааны хэмжээнд гарах өөрчлөлтийг төмөр замын тээврийн төлөвлөлтөд тусгах, холбогдох талуудын хооронд мэдээлэл солилцоо, уялдаа холбоог сайжруулахад анхаарах шаардлага байгаа юм.

Холбоотой мэдээ