11.00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд 11308 сонгогч саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-09 13:24:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа Өвөрхангай аймагт өглөөний 7.00 цагаас эхэллээ.

Аймгийн хэмжээнд 75345 иргэн санал өгөхөөс 11:00 цагийн байдлаар 11308 сонгогч саналаа өгч, ирц 15.2 хувьтай байна. Санал өгсөн сонгогчдын 45 хувийг эрэгтэйчүүд, 55 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ба насны хувьд 70-аас дээш насны 1583 хүн саналаа өгч, дийлэнх хувийг эзэлж байна.

Мөн 50-54 насныхан 10.6 хувь, 55-59 насныхан 10.1 хувь, 60-64 насныхан 9.1 хувь, 40-44 насныхан 9.19 хувьтай саналаа өгчээ.

“Одоогоор санал өгөх үйл явад ямар нэг саад бэрхшээл гараагүй, хэвийн үргэлжилж байна. Дараагийн мэдээллийг 15.00 цагаас нэгтгэнэ” хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга Ц.Ганболд мэдээллээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтэй иргэдийн санал өгөх үйл ажиллагааг өчигдөр аймгийн хэмжээнд зохион байгуулж, 316 төрийн албан хаагч 158 чиглэлд гарч ажиллан, 09.00-20.00 цагийн хооронд санал авлаа. Зөөврийн хайрцгаар 1549 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс 1441 хүн санал өгсөн байна.

Холбоотой мэдээ