“Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ хэрэглэгчдээ дулаанаар хангаж чадахгүйд хүрээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ нь Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ерөө сумын Бугант тосгоны нийт
2944 айл өрх, 62 төсөвт газар, 329 аж ахуйн нэгжийг дулаанаар ханган үйлчилдэг.
Тус үйлдвэрийн газар нь Эрчим хүчний яамнаас олгодог 500 сая төгрөгийн дулааны алдагдлын татаас санхүүжилт авдаг байна. Гэтэл энэхүү санхүүжилт нь 2020 онд 72 сая төгрөг, 2021 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 8.8 сая төгрөгөөр тус тус буурчээ. Иймээс дээрх татаас хөрөнгө нь үндсэн үйл ажиллагаанд хүрэлцэхгүйгээс дулааны алдагдал буурахгүй байгаа аж. Иймээс байгууллагын нөхцөл байдал хүндэрч, үйлдвэрлэлийн өртөг зардал, НДШ-ийн өр төлбөр ихээр хуримтлагдсан байна.
Түүнчлэн зуух, тоноглолд засвар шинэчлэл хийх боломжгүй,
цаашид хэрэглэгчийг дулаанаар хангаж чадахгүйд хүрээд байгаа юм байна. Энэ байдалтай УИХ-ын гишүүн Ч.Ундрам тойрогтоо
ажиллах үеэрээ танилцлаа. Тус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хэвийн
ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс аймгийн зүгээс Улсын төсвөөс олгодог татаас хөрөнгийг 1.4 тэрбум болгон
нэмэгдүүлж, 2022
оны төсөвт суулгах саналаа салбар яамдад хүргүүлсэн аж. Мөн зуух зарим тоног
төхөөрөмжийн засвар шинэчлэлийн ажилд 2.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулахаар
саналаа хүргүүлсэн зэргээ УИХ-ын гишүүнд удирдлагууд нь
танилцуулав.