Хоёр дахь тунгийн хамрагдалт 44,4 хувьтай байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-06-02 21:55:39
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд вакцины эхний тунгийн хамрагдалт 84,7 хувь, хоёр дахь тунгийнх 44,4 хувьтай байна.
Бүрэн тунд хамрагдаад дархлаа 10-14 хоногт үүсдэг учраас халдвар хамгааллын дэглэмээ баримталж, халдвараас сэргийлэх шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн Шуурхай штабаас эхний тунгаа хийлгээд 21 хоносон хүн хоёр дахь тунгаа хийлгэх боломжтой учир цаг алдалгүй вакциндаа хамрагдахыг уриаллаа.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу зорчиж ирсэн 7 иргэнээс коронавирусний батлагдсан тохиолдол илрээд байгаа юм. Тухайн иргэд нь вакцины эхний тунгаа хийлгээд, шинжилгээ өгч хяналтын цэгээр нэвтэрсэн иргэд болохыг албаны эх сурвалж мэдээллээ.
Батлагдсан тохиолдлууд нь Хэрлэн сумын 4, 6-р багийн иргэд, нэг гэр бүлийн гишүүд бөгөөд аймгийн ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр мэдээлэхдээ гэр бүлийн гишүүдээс вакцины /бүрэн/ хоёр тунгаа хийлгэсэн иргэн халдвар аваагүйг онцлов.
Аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа П.Элбэгсайхан: Шуурхай штаб хуралдаад ард иргэд нэг сар хатуу хөл хорионд байж, үйлдвэр үйлчилгээ зогссон, нөгөөтэйгүүр вакцины хоёр дахь тунгаа авч эхэлсэн учраас хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Тэгэхдээ Хэнтий аймагт зорчин ирж байгаа иргэд үүргээ ухамсарлах хэрэгтэй. Халдвар авсан хүнтэй 2 метрээс ойр зайтай 15 минутаас дээш хугацаанд харилцсан бол хавьтал гэж үзнэ. Иргэд хавьтал болсон гэж үзвэл сайн дураараа үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломжтойг мэдээлэв. Шинжилгээг Нэгдсэн эмнэлгийн урд талын Пат анатомийн төвд авч байна.
Хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносон, эсвэл “Ковид-19” халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдээс бусад тохиолдолд халдвартай бүс нутгаас Хэнтий аймагт ирсэн хүн 7 хоног гэрийн ажиглалтад орох ёстой. Үүнд сумдын Шуурхай штабаас хяналт тавин ажиллаж байна. Хэдийгээр хяналт тавин ажиллаж байгаа ч иргэд гэрийн ажиглалт, тусгаарлалтын дэглэмээ зөрчих тохиолдол гарч байгаа тул үүргээ ухамсарлахыг уриалж байна.
Хэнтий аймаг нийт долоон удаагийн татан авалтаар 92 мянган хүн тун вакцин ирсэн. Вакцины нөөц хангалттай байгаа. “Файзер” болон "Спутник" вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийг Улаанбаатар хот руу чөлөөтэй нэвтрүүлж байгаа гэв.
Холбоотой мэдээ