Э.Даваажамц: Ховд хотоос Улаанбаатар хүртэл 40 орчим хоног гүйнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-06-02 12:07:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл гүйж нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоохоор бэлтгэлээ бүрэн хангасан талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын сайтад мэдээлжээ.

 

Тэрбээр ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийг 2007 онд хөгжимчин мэргэжлээр төгсөж, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим болон Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байгаад 2020 онд Зэвсэгт хүчний Ховд аймаг дахь 123 дугаар ангид томилогджээ.

 

Түүнтэй ахлах дэслэгч Д.Болор ярилцсаныг толилуулж байна.

 

Та яагаад холын зайнд гүйх шийдвэр гаргасан бэ?

 

-2020 оны 7 дугаар сард Исламын Бүгд Найрамдах Афганистан улс /ИБНАУ/-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн. Эх орондоо ирээд бид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тусгаарлагдсан шүү дээ. Тэгэхэд нь “Цэргийн алба хаагч яагаад холын зайд гүйж болохгүй гэж” бодоод зорилгоо болгосон. Үндсэндээ өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн холын зайд гүйх сэтгэл зүй, бие бялдраа бэлтгэж эхэлсэн. Эхлээд өдөрт 10 км, 10 хоногийн дараа 20, 20 хоногийн дараа 45-50 км болгож нэмэгдүүлсэн. Бэлтгэл бүрэн хангагдаж, ямар ч зовуурьгүй, амьсгаа задарч, ядралгүй болсныхоо дараа ангийнхаа удирдлагад Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэлх гүйх хүсэлтээ илэрхийлсэн юм.

 

Хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Уриалгахан хүлээж авсан. Мэдээж дээд шатны байгууллага Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штабаас бас зөвшөөрөл авсан. "Ямар нэгэн сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй биз. Бие бялдрын бэлтгэл, эрүүл мэнд чинь бэлэн үү” гээд тодорхой шалгалт авсны дараа зөвшөөрөл өгсөн.

 

Хэзээнээс гүйх билээ?

 

-2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 11.40 цагт Ховд хотынхоо Ард Аюушийн талбайгаас хөдөлнө. Гэр бүл, анги хамт олон, найз нөхөд, нутаг усныхан маань гаргаж өгөх байх аа.

 

Хэдий хугацаанд гүйхээр тооцож байна. Бас өдөрт хэдэн км гүйх вэ?

 

-Ховд аймгаас Улаанбаатар хүртэл 1500 км. Өдөрт 45-50 км гүйнэ. Ингэхдээ өглөө 25 км, үдээс хойш 25 км гүйнэ гэж тооцож байна. Зарим өдрөө цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад энэ тоо бага зэрэг өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Өдөрт 45-50 км гэж тооцохоор 40 орчим хоног тасралтгүй гүйж, 7 дугаар сарын 10-нд “Төрийн далбааны өдөр”-ийн цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд очно гэж төлөвлөж байгаа.

 

Хоол хүнс, хоноглох байраа хэрхэн зохицуулсан бэ?

 

-Надад туслалцаа, дэмжлэг үзүүлэх баг явна. Мэдээж гүйхгүй, автомашинаар. Эмчээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо, тогоочоор миний эхнэр М.Мөнхзаяа, жолооч-дасгалжуулагчаар хадам ах М.Одгэрэл нар явна. Өглөөд хоноглосон газраасаа босоод гүйхэд манай багийнхан майхнаа хурааж, дараагийн очих цэгт түрүүлж очоод хоол унд, бусад бэлтгэлээ хангаад байж байна. Ийм маршрутаар 40 орчим хоног тасралтгүй туулна гэсэн зорилго тавиад байна.

 

Өнөөдөр цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Аймаг хоорондын постуудаар нэвтрэхэд ямар нэгэн хүндрэл гарах вий?

 

-Зэвсэгт хүчний Жанжин штабаас энэ талын зөвшөөрлийг нь авч өгсөн. Бидний хувьд аймагт саатах асуудал байхгүй болохоор хүндрэл гарахгүй байх.

 

Гүйлтийн спортоор хэр удаан хичээллэж байгаа билээ?

 

-Яг дагнан хичээллэж байгаагүй. Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн, цэрэгжлийн спортын тэмцээнүүдэд тогтмол оролцож байсан. Холын зайд гүйхтэй холбоотой бэлтгэлийг бол 100 хувь базаасан учраас ямар нэгэн эрсдэл гарахгүй гэдгийг бардам хэлж чадна.

 

Энэ амжилтаараа ямар зорилго тавиад байгаа вэ?

 

-Нэгдүгээрт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөж, монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, эр зоригийг харуулах. Гуравдугаарт, Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг шинэчлэх. Одоогоор рекордын эзэн нь Б.Болдбаатар гэдэг мундаг тамирчин бий. Прокурорын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан тэрээр Говь-Алтай аймгийн Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг туулсан амжилтаараа Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг эзэмшиж байгаа юм. Дөрөвдүгээрт, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд 100 жилийн ой нь тохиох Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхаа түүхт ойг тохиолдуулан гүйж, өөрийн зүгээс бэлэг барих юм.

 

-Төрийн далбаагаа мандуулж гүйнэ гэсэн байх аа?

 

-Тийм ээ. Цэргийн дүрэмт хувцастайгаа гүйнэ. Ямар ч дүрмийн зөрчилгүй хувцаслаад явна. Гүйж байгаа талаарх мэдээллээ өөрийн цахим хуудсанд байнга оруулж байна.

Холбоотой мэдээ