Төрийн тахилгат "Их Богд" хайрханыг тайх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-05-31 21:03:18

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн тахилгат "Их Богд" хайрхан Төрийн тахилгат уул боллоо. Их хайрханыг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагт, лам хуврагууд, аймгийн удирдлагууд, сүсэгтэн олон оролцов. 

Төрийн тахилгын ёслол тусгай жаяг дэгийн дагуу өрнөдөг бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгч  тэнгэрийн дуут сумыг харваж, цагаан бор зүсмийн морийг сэтэрлэн тавьж, түмэн олон уухайлан сүүн цацлаа өргөлөө. Тэнгэрт харвасан сум, сүрэгт нийлүүлсэн цагаан моринд дараагийн тахилга хүртэл хэн ч гар хүрэх ёсгүй аж. 

Лам хуваргууд тахилгын цацлын ном уншиж, цацал өргөн, судар дуудахад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Их Богд хайрханы Гэгээн овооны тэргүүнд хадаг залж, зул бадраан, сүү өргөн, идээ шүүсийг хөндөж дээжийг хангай дэлхийдээ өргөн барив.

Мөн Монгол цэргийн шилдэг уламжлалыг хадгалж, олон түмэндээ “Хүндэт харуулын” хэмээн алдаршсан дугаар ангийн цэргүүд оролцож тахилгын арга хэмжээг хол ойроос цугласан нийт 300 шахам хишигтэн олон үзэж сонирхлоо.

Тахилгын үйл ажиллагааг зохион байгуулагчдын зүгээс зан үйл, дэг мөрийг нэг бүрчлэн ёсчилж, уртын сайхан дуу,хурдан морины төвөргөөн, хүүхэд багачуудын гийнгоор уул усаа мялааж, уран барилдаанч бөхчүүдийн ид хавыг бахдуулан газар дэлхийгээ баясгах зорилгоор дааган насны морины уралдаан,  үндэсний бөхийн барилдааныг тус тус зохион байгуулж хурсан олон түмнээ цэнгүүлсэн юм. 

Ламын гэгээний ногоон зодогтон хэмээн улс хотол доо алдаршсан улс, аймаг, сумын цолтой хонгор нутгийн 32 залуу бөх эр бяр, уран мэхийг  уралдуулан барилдсанаас Жинст сумын харьяат аймгийн заан Т.Дүүрэнсаран түрүүлж, Жинст сумын харьяат Чөлөөт бөхийн ОУХМ аймгийн заан Э.Батмагнай үзүүрлэн хүн байгаль бүхнийг цэнгүүлэн бахдууллаа.

Ташрамд дуулгахад, Их Богд уул нь Алтайн нурууны ноён оргилуудын үргэлжилсэн салбар уулсын нэг бөгөөд далайн түвшнээс дээш 3957 метр өндөрт оршдог. Их Богдын салбар Бага Богд, Жаран богд, Дулаан Богд зэрэг сүрлэг уулс, 140 хавтгай дөрвөлжин км талбайтай Орог нуур, Холбоолжийн их бага улаан давст нуур, Түйн голын цутгалан Оюу, Номин нуур зэрэг тогтмол ба урсгал устай гол, нуурууд зэрэг үзэсгэлэнт газрууд, ан амьтад ихтэй хайрлан хамгаалах ёстой онцгой газруудын нэг билээ.

Холбоотой мэдээ