Хандиваар ногоон байгууламжийн хашаа байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-28 21:55:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ЗДТГ-аас «Сумаа ойжуулья» аян зарлаж, сумын хэмжээнд мод тарих ажил зохион байгуулж байна.

Тухайн сумын хувьд 2021 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт ногоон байгууламж байгуулахад зориулж мөнгө тусгаж амжаагүй аж. Иймд энэ жил мод тарих ажлын санхүүжилтийг иргэд, албан байгууллагуудаас хандив босгох замаар шийдвэрлэжээ.

Тус ажлын хүрээнд хандиваар цугларсан 7,5 сая төгрөгөөр сумын төвд ногоон байгууламжийн хашаа барьжээ. Хашааг босгоход Зэвсэгт хүчний 116 дугаар анги, сумын ЗДТГ-ын ажилтан алба хаагчид идэвхтэй оролцжээ. Тухайн хашаанд бүх нийтээр мод тарих өдрөөр 350 ширхэг суулгац тарьсан байна.

Харин «Сумаа ойжуулья» аяны хүрээнд тус сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургууль, хүүхдийн цэцэрлэг  өөрсдийн хашаандаа 1200 гаруй, сумын хэмжээнд 3 мянга гаруй ширхэг мод суулгасан байна. 

Холбоотой мэдээ