Замын-Үүд боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийг 50 автомашинаар нэмэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-25 14:02:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан БНХАУ-тай хийж буй хилийн ачаа тээврийг нэмэгдүүлэх талаар тус улсын талтай хэлэлцэж буйг цахимаар дахин мэдэгдлээ. 


Тодруулбал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйтай энэ талаар удаа дараалан уулзаж албан хүсэлт тавьсны дагуу Замын-Үүд боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог өчигдөр 50 автомашинаар нэмээд байгааг дуулгалаа. 

Тэрээр, ачаа тээврийг хэвийн үйл ажиллагаанд биш юм гэхэд аажим аажмаар, наад захын боломжийг  нэмэгдүүлэх талаар БНХАУ-ын Элчин сайдтай санал солилцсоныг мэдэгдлээ. БНХАУ-ын Элчин сайд бүхий л боломжит арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлнэ гэдгээ өчигдөр мэдэгдсэн гэв. 




Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Замын-Үүд боомтын байдалтай танилцах уулзалтын үеэр гадаад бизнес, худалдаа эрхлэгчид сард 2-4 удаа тээвэр хийж явдаг байсан бол одоогоор ганц удаа хийж буйг дуулгаж, 3 удаагийн тээврээс 2 нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод хүлээгдэж байгааг хэллээ. Үүнээс бол тээврийн зардал болон ачаа бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байна гэв. Тиймээс БНХАУ-ын талаас хүлээн авах ачаа тээврийн автомашины тоог нэмэгдүүлбэл үнэ тариф аяндаа, зах зээлийнхээ жамаар буурч хэвийн байдалд шилжинэ. Одоогийн байдал нь түр зуурынх байна гэдэгт итгэж байгаагаа тээвэрчид болон худалдаа эрхлэгч нар илэрхийлж байв. 



БНХАУ дэлхийн 10 гаруй улс оронтой хиллэж гадаад худалдаа хийдэг ч цар тахлын нөхцөлд тус улсын тал Монгол Улстай хиллэдэг хуурай болон газрын хилийн боомтуудаа хаагаагүй, хаахгүй байдлаар хандаж буйг албаныхан тодотгов. Энэ талаар манай улсын ГХЯ болон бусад холбогдох байгууллага бүх түвшинд ярилцаж буйг дуулгалаа.

Өнгөрсөн 7 хоногт Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал БНХАУ-аас Замын-Үүд боомтод суугаа ерөнхий консултай уулзан хилийн ачаа тээврийн эрчмийг нэмэгдүүлэх талаар албан ёсоор санал солилцсон юм. 



Холбоотой мэдээ