Ерөнхий сайд нийслэлийн дэд төвүүдийг 10 болгон нэмэгдүүлэхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр нийслэлд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа. Хотын дарга “Сэлбэ дэд төв нь Чингэлтэй дүүргийн 10, 11, 12 , 13 дугаар хороог хамаарах хотын чухал бүтээн байгуулалт" гэдгийг онцлон танилцуулж, Улаанбаатар хотод ийм 10 дэд төв байгуулахаар тооцож байгааг мэдээллээ. Тэрээр, "Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Дэнжийн мянга, Шархад, Улиастай дэд төвийн хэсэгчилсэн байдлаар инженерийн шийдлүүдийг шийдэж, үүнийг тойрсон нийгмийн барилга, байгууламж барихаар төлөвлөсөн. Дулаан, цахилгаан, цэвэр, бохир усаа өөрөө шийднэ. Эдгээр газарт төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхэлбэл иргэдийн газар эргэлтэд орж, үнэд орно” гэлээ.
Нийслэл хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр нь Азийн Хөгжлийн Банк, Европын хөрөнгө оруулалтын банк, нийслэлийн төсвийн санхүүжилттэйгээр нийт есөн жилийн хугацаанд 3 үе шаттай хэрэгжих юм. Үүний эхний үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр эхэлж, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвөөр үргэлжилж, 3 дугаар үе шатанд Толгой, Шархад дэд төв хэрэгжих юм. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 95 хувьтай байгаа бол Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ТЭЗҮ болон ажлын зураг төслийг бүрэн баталж, энэ оноос тендер зарлана. Дэд төвүүд дээр 150 болон 250 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бизнес инкубатор төвийн барилга, хүний хөгжлийн төв, спорт цогцолбор барих аж.
Чингэлтэй дүүрэгт Дэнжийн мянга, Сэлбэ гэсэн хоёр дэд төв байгуулна. Сэлбэ дэд төвийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр нийт 156 га-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж, инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга, байгууламж барьж байна. Зургаан дэд төв 2024 он гэхэд ашиглалтад орно. Дэд төвүүд нь ашиглалтад орсноор 60 мянган айлын орон сууц барих инженерийн дэд бүтэц бэлэн болох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын даргад БХБ-ын сайдтай уулзаж, зургаан дэд төв ашиглалтад орсноор төрийн ямар байгууллагуудыг шилжүүлэх гэсэн төлөвлөлт гаргаж, Засгийн газрын хурлаар танилцуулах чиглэл өгөв. Хотын төвд төрийн байгууллагын оффис барихгүй, хотын зах руу гарахад нь дэмжиж ажиллаарай. Мөн хувийн хэвшилтэй хамтарсан түншлэлийн уулзалт хийх хэрэгтэй. Ингэснээр гэр хорооллын газар үнэд орж, эдийн засгийн эргэлтэд орно. Бусад хот 5-6 гол замтай бол манайх ганцхан төв замтай. Тиймээс зөвхөн ганц дам дагасан төвлөрөлтэй болохоор түгжрэхээс аргагүй байна. Үүн дээр Засгийн газар оролцоно. Түгжрэлийн гол голомтуудаа гаргаж, зургаан дэд төвөө 10 болгож болно. Гэхдээ хамгийн гол цэг буюу хамгийн их утаатай, дэд бүтэц тааруу газраа төлөвлөлт хийх хэрэгтэй байна гэдгийг хэллээ. Энэ талаар Засгийн газрын ирэх 7 хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.