П.Энхтуул: Монгол Улсын хоёр сая дахь иргэнийг эх барьж авч байсан

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-05-18 14:51:01

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эх баригч, тэргүүлэх зэргийн эмч П.Энхтуултай ярилцлаа. 


-Эх баригч эмчээр ажиллаж эхэлсэн үеэ дурсаач?

-Би 2000 онд Дархал-Уул аймаг дахь Анагаах ухааны коллежийг эх баригч, бага эмч мэргэжлээр төгсөөд нутагтаа ирж байлаа. Залуухан, эрч хүчтэй эмч аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт эмэгтэйчүүдийн сувилагч, нярайн сувилагчаар ажилласан. Тухайн үед эх баригчаар ажиллаж байсан Буян-Эрдэнэ эмчээс суралцахаас гадна бусад эх баригч нараасаа мэргэжлийн ур чадварт суралцаж байлаа. Тэдний маань ихэнх нь гавьяаныхаа амралтад суусан. Эх баригч хүний ажлын хариуцлага маш өндөр. Учир нь эх, хүүхэд хоёр хүний амийг хариуцдаг учраас алдах эрх байхгүй. Хурдан шаламгай ажиллахаас гадна мэргэжлийн нарийн ур чадвар өндөртэй байхыг шаарддаг.

-Эх баригч хүний ажлын сайхан зүйл нь юу вэ?

-Бяцхан үрсийг энэ хорвоод анх мэндлэхэд нь бид алган дээрээ тосож авдаг болохоор маш их хариуцлагатай ажил. Мөн айл гэрт аз жаргал бэлэглэдэг болохоор урамтай сайхан байдаг. Би энэ мэргэжлийг сонирхож сонгосон учир ажилдаа дуртай, бас ажлын ачааллыг төвөггүй даваад гардаг. Хамгийн гол нь хэчнээн ядарсан ч эхээ эсэн мэнд амаржуулаад, сэтгэл уужраад суух нь жаргалыг бэлэглэдэг юм.

-Энэ хугацаанд хэчнээн хүүхдийн хүйн ээж болов?

-Эх баригч эмчээр ажилласан 21 жилийн хугацаанд эх барьж авсан хүүхэд бүрийн тэмдэглэлийг тогтмол хөтөлсөн. Дунджаар 4600 гаруй хүүхдиийг эх барьж, хүйн ээж нь болсон байдаг. Миний эх барьж байсан хүүхдүүд ээж болж байгаа гэхээр цаг хугацаа хурдан өнгөрсөн байна. Заримдаа нэг айлын гурван хүүхдийг эх барьж байсан удаа ч бий. Хамгийн сайхан дурсамж гэвэл Монгол Улсын хоёр сая дахь иргэнийг эх барьж авч байсан. Тэр үед жижүүртэй хонож таараад хоёр сая дахь иргэнийг эндэгдэлгүй эсэн мэнд амаржуулсан.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?

-Ажлын нэг өдөр орой жижүүртэй хоносон болон өдрийн ээлжийн эмч, сувилагч нар өглөө ээлж хүлээлцэхээс эхэлдэг. Төрсөн эхчүүд, хагалгаатай болон төрөхөөр өвдөж байгаа эхчүүдээ хүлээлцэх, ургийг нь хянах гээд дор бүрнээ ажиллана. Анх эх баригчаар ажиллах үед нийгэм цаг үеийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан иргэдийн эрүүл мэндийн боловсрол сулхан байсан. Төрөх тасгаар үйлчлүүлэх эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, хянах гээд цагтай уралдаж ажилладаг байсан. Харин одоо төрөх насны эмэгтэйчүүдийн боловсрол дээшилсэн байна. Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цахим орчин, телевиз, сургалт сурталчилгаа гээд олон талт хэлбэрээр авч байгаа нь бидний ажилд дөхөм байдаг. Мөн иргэд эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг, сэтгэл зовнидог болсон байна. Гэхдээ эхчүүдэд сэтгэлзүйн бэлтгэл тааруу байдаг тул тогтмол зөвлөгөө өгч ажилладаг. Тухайлбал анхлан төрөгчдөд төрөхийн өмнөх үеэс эхлээд төрсний дараах үе хүртэл зөвлөгөө өгдөг.

-Жижүүртэй хонож ажиллахад хүндрэлтэй юу?

-Жижүүртэй хонож ажиллах үед нойр хүрэх, ядрах үе барагтай бол гарахгүй. Аяндаа хүний амьдралын хэв маягт суучихдаг бололтой. Ар гэрийнхэн маань ч гэсэн ажлыг минь ойлгоод сайн ар даадаг учир сэтгэл амар ажилдаа төвлөрдөг. Зарим үед өглөө ирээд цагтаа буухгүй үе тохионо. Гэнэтийн эх төрөх, эх хүндрэх үед нөгөө ээлжтэйгээ хамтраад ажлын талбартаа зогсоно. Энэ байдалд гэрийнхэн маань дасан зохицсон гэлтэй хааяа ажлаасаа эрт буугаад очих үед хүүхдүүд маань эрт ирлээ гээд гайхах жишээтэй. Ер нь эмч хүн аливаа ажлыг маргааш гэж хойшлуулахгүй хариуцсан ажлаа нямбай хийж дуусгаад л харих ёстой байдаг.

Улсад ажиллах хугацаандаа 2010 оны “Байгууллагын аварга эх баригч” болж байсан. Мөн 2011 онд “Системийн аварга эх баригч”, 2015 онд ЭМЯ-ны Жуух бичиг хүртэж байсан. Мөн мэргэжлээ ахиулан, цаг ямагт суралцахад анхаарч, 2012 онд эх барихын Ахлах зэрэг, 2017 онд эх барихын Тэргүүлэх зэрэг хамгаалсан. Багаар ажиллах чадвартай, амжилт арвинтай сайхан хамт олны дунд ажиллаад олон жил болжээ. Увс аймгийн хүн амын эрүүл мэндийн төлөө зорилго нэгтэй ажиллаж буйдаа бахархаж явдаг.

-Цар тахлын үеийн ажил, амьдралд гарсан өөрчлөлт юу вэ?

-Цар тахлаас хүн амыг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын хувь нэмэр их байна. Манай төрөх тасгийн хувьд халдвар хамгааллын дэглэмийг дотооддоо баримтлах, эхчүүдийг халдвараас сэргийлэх дадал хэвшилтэй болгоход анхаарч байна. Мөн охид, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх, эх, хүүхдийн эндэгдэл гаргахгүй байхыг хичээн ажиллаж байна. Байгаль цаг уур, халдварт өвчин гээд эрсдэлтэй байдлыг үл харгалзан ойрын болон холын дуудлагад хүрч эхийг амаржуулах үе ч гардаг.

-Саяхан олон улсын эх баригч нарын баярын өдөр тохиосон. Баярлах завгүй л ажилласан уу?

-Цар тахалтай холбоотой бүхий л баяр, үйл ажиллагаа хумигдахаас гадна иргэдийн аж амьдралд олон эрсдэл учирч байна. Гэхдээ хамгийн гол нь эрүүл мэнд чухал учраас иргэн бүр хариуцлагатай байх ёстой. Хэдий цаг үе хүндхэн байгаа ч энэ жилийн эх баригч нарын өдрөөр Эх баригчдын нийгэмлэгээс цахимаар илтгэл хэлэлцүүлэх, салбарын тулгамдсан асуудал, ажиллагсдын саналыг сонсох уулзалт хийсэн. Нийт эх баригч нар, энэ цагийн бахархал болсон хүйн ээжүүддээ баярын мэндийг хүргээд ажилд нь амжилт хүсье.

-Ярилцсанд баярлалаа. 


Холбоотой мэдээ