Л.Оюун-Эрдэнэ: Сэлэнгийн бүс нутгийг илүү эрчимжүүлсэн бүс болгон хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-05-13 15:45:43

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “Дархан-Сэлэнгийн бүс нутгийг илүү эрчимжүүлсэн бүс болгон хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг онцоллоо.

Мөн эрчимжүүлсэн ХАА, газар тариаланг хөгжүүлэх цорын ганц бүс нутаг бол Дархан, Сэлэнгийн бүс нутаг. Ийм учраас бид төрөөс онцгой анхаарч ажиллана. Энэ ч утгаараа бидний яриад байгаа 100 төсөл арга хэмжээний нэлээд том хэсэг нь энэ бүс нутагт хэрэгжинэ. 

Мөн тэрээр: ”Ерөнхийдөө нүүрсний экспорт дээр тогтож байгаа манай улсын эдийн засагт 10-15 жилийн хугацаа үлдсэн. Үүнийг орлох хэд хэдэн салбарыг тэргүүлэх зэргээр зарлаж байгаа. Энд мэдээж уул уурхай дээр нэмэх нь ХАА. Энэ маань уул уурхайтай адилхан хэмжээнд төлбөрийн тэнцэл дээр мөнгө олно гэхэд эрчимжихээс өөр арга байхгүй. Хоёрдугаарт газар тариалан, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр ложистик гэсэн энэ хэдхэн салбарыг маш түргэн татан гаргаж ирэхгүй бол 10-15 жилийн дараа Монгол Улсын эдийн засаг маш хүнд байдалд орно. Иймээс би өнөөдөр энд ажиллаад явж байна” гэлээ.

Мөн Засгийн газрын тэргүүн тариаланчдын зүгээс тавьсан зоорь хийгээд хүлэмжийн аж ахуйтай холбоотой асуудлын хүрээнд “Зоорийн болон өвлийн хүлэмжийн асуудал бол маш жижиг асуудал. Үүнийг шийдэж болно. Шийд гээд хэлчихсэн. Энэ бол бас л гал унтраах асуудал. Бидний зорилго маш жижиг болчихоод байна. Цаашид экспортлогч улс болно гэж том харах ёстой. Тухайлбал урд, хойд хоёр хөршийнхөө тодорхой хэмжээний стандартыг хангах хэмжээг бид хангаж чадвал дотоодын хэрэгцээ тэртээ тэргүй хангагдана.

Газар тариалангаа хөгжүүлэх, атрын аян бол хийх л ёстой ажил боловч уул уурхайтай тэнцэхүйц хэмжээнд хөгжүүлэхээс өөр гарцгүй болоод байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч, орон нутгийн удирдлагууд, иргэд маань ч ойлгох хэрэгтэй. ХХААХҮЯ-ны өгсөн мэдээллээр хэдийгээр бид өргөн уудам газар нутагтай ч Сэлэнгэ, Дархан шиг ийм газар нутаг байхгүй. Яагаад гэвэл нийт газар нутгийн 0.6 хувийг эзэлж байгаа ч үржил шимтэй хөрс энд байна. Тиймээс бид энэ хөрсөө л хэрхэн яаж ашиглах вэ гэдэг л манай улсын туйлын чухал зүйл болж байна. Түүнээс биш дуртай аймаг бүрт хөгжүүлэх ийм үржил шимт хөрс бол байхгүй байгаа юм. 

Холбоотой мэдээ