“Apple” 1.5 тэрбум ам.долларын хуурамч гүйлгээг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-12 13:20:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Apple” корпорац өнгөрсөн онд “App Store” хавсралтад үйлдэгдэж болзошгүй байсан нийт 1.5 тэрбум ам.долларын хуурамч гүйлгээг таслан зогсоож чаджээ.


“Өнгөрсөн онд л гэхэд дэвшилтэт технологи, туршлагатай шинжээчдийн тусламжтай бараа, бүтээгдэхүүн худалдан авахад ашиглах хулгайлагдсан 3 сая гаруй картны хэрэглээг таслан зогсоож, нэг сая орчим хаягнаас давтан гүйлгээ хийгдэж болзошгүйг хааж чадсан. Ерөнхийдөө өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын хуурамч гүйлгээ хийгдэхээс хэрэглэгчдийг хамгаалж чадсан” хэмээн компанийн цахим хуудсанд мэдээлсэн байна.


Apple” компани өнгөрсөн онд хөгжүүлэгчдийн 470 мянган хаягийг хааж, луйвартай холбогдож болзошгүй хэмээн болгоомжилсон 205 мянган хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.


Түүнчлэн “Apple Developer Enterprise Program” хөгжүүлэгчдийн хөтөлбөрийн хүрээнд хууль бусаар түгээсэн 3.2 сая гаруй хавсралтыг компани 2020 онд устгажээ.


Дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэг “Apple” 1976 онд байгуулагдсан бөгөөд “iPhone” ухаалаг гар утас, “iPad” планшет, “iMac” компьютер, “MacBook” нөүтбүүкээс гадна бусад өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, тус компанийн зах зээлийн үнэлгээ 2.24 их наяд ам.долларт хүрдэг байна.


Холбоотой мэдээ