Соёлын төвүүд “Хүүхдийн өдөр”-тэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-20 15:22:57

Баянхонгор аймгийн сумдын Соёлын төвүүд 7 хоногийн аль нэг өдрийг “Хүүхдийн өдөр” болгон хүүхдийн байгууллага, клубуудыг дэмжин, үйл ажиллагаа явуулах боломж нөхцлөөр хангах тал дээр зөвшилцсөн. Баянхонгор хотноо болсон “Хамтдаа оролцож хамтдаа хөгжье” хүүхдийн чуулганы үеэр дээрх асуудлуудыг хөндсөн байна.

Хүүхдийн эрх, хамгааллын талаарх тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг хүүхдийн оролцоотой илрүүлж, шийдвэр гаргах түвшний хүмүүс болон эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэрлэх арга замын талаар нэгдсэн ойлголт хандлагыг олон нийтэд бий болгох зорилготойгоор тус арга хэмжээг зохион явуулжээ. Чуулганд Баянхонгор сумын ИТХ, Засаг дарга, чиглүүлэгч багш нар, эцэг эхийн зөвлөл, эмч, өсвөрийн аврагч сурагчид, клубуудын сурагчдын төлөөлөл 200 шахам хүн оролцсон байна.

Хөтөлбөрийн дагуу чуулганаар клубуудын сурагчид нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавьж, хүүхдүүд өөрсдөө юу хийж бүтээж, санаачилж, цаашид хэрхэн үйл ажиллагаа явуулах, нийтийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаараа илтгэсэн. Мөн үеэр улирагч онд болсон “Инээж буй хүүхэд” чуулганаас гаргасан уриалгын хэрэгжилтийн талаар ч хэлэлцжээ.

Хүүхдүүд Баянхонгор сумын удирдлагуудад 16 асуудлыг дэвшүүлэн тавьж, ажлын төлөвлөгөө боловсруулан хамтарч ажиллахаар болсон байна. Тэд сурах бичгийн хангамж, чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай орчин, гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, гадна спортын талбайг тохижуулах зэрэг асуудлыг хөнджээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ