Шинээр бүртгэгдэх халдварын тоо буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-06 15:55:15

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд шинээр бүртгэгдэх халдварын тоо сүүлийн өдрүүдэд буурч байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 219 хүнээс PCR шинжилгээ авахад 4 хүнээс халдвар илэрсэн аж.  Эдгээр тохиолдлуудын хоёр нь гэрийн тусгаарлалтаас, нэг нь тандалтын шинжилгээнээс батлагдсан бол үлдсэн нэг нь эрүүл мэндийн ажилтнаас илэрсэн байна. Ингэснээр 2021.05.06-ны өдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 651, өссөн дүнгээр буюу өмнөх 45 тохиолдолтой нийлээд 696 боллоо. 

Өнөөдрийн байдлаар коронавирусний эсрэг вакцины эхний тунд хамрагдсан 40 хүн, хоёр дахь тунд хамрагдсан хоёр хүн халдвар авчээ.

Тусгаарлах эмнэлэгт 143 хүн эмчлүүлж байна. Үүнээс хүнд хоёр /88, 83 настай /, хүндэвтэр хоёр /75, 56 настай/, хөнгөн 139 хүн байна. Уушгины хатгалгаатай 10, хөл хүнд нэг иргэн байгаа бол эмчлүүлэгсдийн 101 нь том хүн, 43 нь 15 хүртэлх насны хүүхэд байна. 

Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 502 боллоо.

Ажиглан тусгаарлах таван байранд 79 иргэн байгаагийн 46 нь хүүхэд аж. Эмчлэн болон ажиглан тусгаарлах байранд Эрүүл мэндийн газраас 24, Онцгой байдлын газраас 5, Цагдаагийн газраас 9, бусад 23 нийт 61 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Дарханд, Улаанбаатар болон бусад орон нутгаас ирсэн 98 иргэн, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 521 нийт 619 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Дархлаажуулалтын тухайд тус аймаг нийт хүн амынхаа 60 гаруй хувийг БНХАУ-ын Синофарм компанийн Вероселл вакцинаар дархлаажуулсан. Өнөөдрийн байдлаар вакцины эхний тунд 44144, хоёр дахь тунд 19294 иргэн хамрагдаад байна. 

Дархлаажуулалт өнөөдөр "Од" цогцолбор сургуулийн Б байранд 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Аймгийн онцгой комиссоос энэ сарын 10-ны дотор нийт хүн амыг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулж дуусгахаар ажиллаж байгаа тул иргэд та бүхэн smartdarkhan.com хаягаар бүртгүүлж дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Холбоотой мэдээ