АНУ-ын ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-04-29 10:50:21

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ буюу Төв банк бодлогын хүүгээ 0-0.25 хувьд хэвээр үлдээжээ.


“Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хороо бодлогын хүүг 0-0.25 хувийн түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Хөдөлмөрийн зах зээлийн байдал сайжирч, инфляц 2 хувьд хүрч өсөх хүртэл энэ түвшнийг хэвээр хадгалах нь оновчтой гэж үзэж байна” гэж ХНС-гийн удирдлагуудын хурлын дараа гаргасан мэдээлэлд дурджээ.


Бодлогын хүүгээ одоогийн түвшинд барихаас гадна, АНУ-ын ХНС зах зээлийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, өрх, бизнес эрхлэгчдэд олгох зээлийн урсгалыг дэмжих санхүүгийн нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ирэх саруудад төрийн сангийн бонд, моргежийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг (MBS) үргэлжлүүлэн худалдан авахаар төлөвлөж байна.


"Нийгмийн эрүүл мэндийн хямрал эдийн засагт дарамт шахалт үзүүлсээр байгаа бол эдийн засгийн цаашдын төлөв байдалд эрсдэл учирсан хэвээр байна. Тиймээс эдийн засгийн төлөв байдлын талаар ирж буй мэдээллийг анхааралтай хянаж, шаардлагатай тохиолдолд мөнгөний бодлогыг өөрчлөхөд бэлэн байна" гэж ХНС-гийн мэдээлэлд дурджээ.


Америкийн ХНС-гийн удирдлагуудын дараагийн хурал зургаадугаар сарын 16-нд болно.


Холбоотой мэдээ