Нийтийн эзэмшлийн зам талбайг тогтмол угааж ариутгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-26 13:31:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы өдрүүдэд хотоо угаах, цэвэрлэх, ариутгах ажлыг тогтмол хийхийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр үүрэг болгов.  


Автобусны буудлын угаалга, цэвэрлэгээг зургаан бригад хийж байгааг Нийслэлийн ЗАА-ны дарга энэ үеэр танилцуулсан юм.


Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгасантай холбогдуулан нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж талбай, байгууллагын өрөө, орон сууцны орц хонгил, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчныг халдваргүйтгэн ариутгаж байна.


Засаг даргын захирамжийн хүрээнд нийтийн эдэлбэр газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хаалт, төмөр шонг чөлөөлөх ажлыг хөл хорионы хугацаанд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хуулийн дагуу хийж байгаа. Мөн хотын дарга цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд дархлаажуулах ажлыг эрчимжүүлж, иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, зохион байгуулах үүрэг өгөв.

 

Холбоотой мэдээ