Эдийн засгийн өсөлттэй, 150-200 мянган хүн амтай аеротрополис хот байгуулна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-23 21:53:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, “Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын “АН-3” авто зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байгаа.


Эдгээр төсөлд түшиглэн Төв аймгийн нутагт авто, агаар, төмөр замын холимог тээврийн нэгдсэн зангилаа бий болгож, олон улсын ачаа, зорчигч тээвэр, гадаад, дотоод худалдааны урсгалыг даган эдийн засгийн чөлөөт бүс, түүх, соёлын аялал жуулчлал, орчин үеийн үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн бүсийг хөгжүүлж, хот суурины оновчтой тогтолцоог бүрдүүлэх үүднээс УИХ-ын өнгөрсөн оны тогтоолоор Хөшигийн хөндийд "Шинэ Зуунмод", “Майдар” хотыг шинээр байгуулах шийдвэр гаргасан.


Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих Шинэ Зуунмод болон Төв аймгийн Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын тогтоолоор тус тус баталсны дагуу “Шинэ Зуунмод”, “Зуунмод”, “Майдар”, Сэргэлэн сумын төв гэсэн суурьшлын дөрвөн төвийг хот байгуулалт, зам тээврийн дэд бүтцийн нэгдсэн төлөвлөлттэй хөгжүүлэх аж.



Ингэснээрээ Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд 2040 он гэхэд Зүүн хойд Азийн зам тээврийн томоохон зангилаа төв бий болгохоор төлөвлөөд байгаа. Эдийн засгийн өсөлттэй, 150-200 мянган хүн амтай бүс нутаг, түүнийг даган бий болсон аеротрополис хот байгуулна гэдгийг БХБЯ цахим хуудаснаа мэдээлжээ.


Улмаар Богд хан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв, 20 000 айлын орон сууц барьж, 60-70 мянган шинэ ажлын байр бий болж, хөрөнгө оруулалт нэмэгдэн манай улсын ДНБ буюу эдийн засгийг 10-15 хувь тэлэх боломж бүрдэнэ гэж тооцож байгаа юм.


Шинэ Зуунмод хот нь Улаанбаатар хотын төв цэгээс 53 кмТөв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд, Төв аймгийн төв Зуунмод хотоос 10 км, Сэргэлэн сумын төвөөс 15 км, Майдар хотоос 20 км зайд байрлана.


Шинэ Зуунмод хотын хот байгуулалтын хөгжлийн хүн ам зүйн таталцлыг 25 км-ээр тооцож, тухайн бүс нутгийн 25,9 мянган га бүхий нутаг дэвсгэрийг улсын тусгай хэрэгцээнд авч, суурьшлын 4 төвийг нэгдсэн бодлогын хүрээнд цогцоор төлөвлөн хөгжүүлнэ. 


Эдийн засаг, дэд бүтэц нь онгоцны буудалд түшиглэсэн хотыг аеротрополис гэдэг аж. 

Холбоотой мэдээ