Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Элчин сайд нарын уулзалтыг зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-20 18:56:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Женев дэх Элчин сайд нарын уулзалтыг энэ сарын 19-нд удирдан зохион байгуулав.


Уулзалтаар энэ оны 10 дугаар сарын 3-8-нд болох НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын 15 дугаар чуулган мөн 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 3-нд болох Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын 12 дугаар бага хурлын үеэр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нарын түвшний уулзалтыг зохион байгуулах асуудлаар санал солилцов.


Дэлхийд өдгөө далайд гарцгүй 50 орчим улс байгаагийн 32 нь далайд гарцгүй хөгжиж буй улс ба түүнээс 26 нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн юм. Монгол Улс 2020-2021 онд далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Женев дэх зохицуулагчаар сонгогдон ажиллаж байна. Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын тухайд далайн боомтоос хол оршдог, олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны зардал өндөр, транзит улсаас хамаарал ихтэй зэрэг олон тулгамдсан асуудалтай бөгөөд олон улсын худалдаанд тэдний эзлэх хувь дөнгөж 1 хувь аж.


Элчин сайд Л.Пүрэвсүрэн дээрх уулзалтаар Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орохыг уриалав. 2010 онд баталж, 2017 оны 10 дугаар сарын 6-наас хүчин төгөлдөр үйлчилж буй тус хэлэлцээрт өдгөө 14 улс нэгдсэн байна.

Холбоотой мэдээ