Татварын орлого 78.1 хувийн гүйцэтгэлтэй байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-04-20 14:16:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн байгууллага улсын төсөвт 2021 оны эхний 4 сард өссөн дүнгээр 1.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх юм. Үүнээс 853.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Төсвийн татварын орлого 78.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 195.9 тэрбум төгрөгөөр илүү байна.

Манай улс 2021 онд 10.8 их наяд төгрөгийн татварын орлого олохоор төлөвлөсөн. Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын төсвийн орлого 1.6 их наяд төгрөг болоод байв

Сангийн яам болон Татварын ерөнхий газрын мэдээгээр төсвийн орлого одоогийн байдлаар өнгөрсөн оныхоос 17.5 орчим хувиар нэмэгджээ. Эдийн засгийн идэвхжлийн гол үндсэн үзүүлэлт дотоодын НӨАТ-ын орлого 26 хувиар давж, өнгөрсөн оны мөн үеэс 20 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн ААН-ийн орлогын албан татвар өнгөрсөн оны мөн үеэс 60 гаруй тэрбум төгрөгөөр давж, төлөвлөсөн хэмжээнээс 40 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдээд байгаа эерэг үзүүлэлттэй байна. 

Монгол Улсын 2021 оны төсвийг 11.8 их наяд төгрөгийн орлого олохоор, 13.9 их наядын зарлагатай, 2.1 их наядын алдагдалтай байхаар баталсан юм. 

2021 онд уул уурхайгаас 3.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон. Нэг ёсондоо энэ онд уул уурхайгаас олох орлого төсвийн 26 хувийг бүрдүүлэх юм. Тодруулбал:

  • зэсээс 1.5 их наяд төгрөг,
  • нүүрснээс 1.3 их наяд төгрөг,
  • алтнаас 231 тэрбум төгрөг,
  • төмөр, төмрийн хүдрээс 98 тэрбум төгрөг, 
  • эрдэс баялгийн бусад түүхий эд, бүтээгдэхүүнээс 263.5 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн юм. 

ҮСХ-ны эх сурвалжаар улсын нэгдсэн төсвийн орлогын бүтцийг танилцуулбал, 85.8 хувийг татварын орлого, 8.8 хувийг татварын бус орлого, 2.9 хувийг Тогтворжуулалтын сангийн орлого, 2.5 хувийг Ирээдүйн өв сангийн орлого тус тус бүрдүүлдэг. 

Холбоотой мэдээ