Эрдэнэдалай суманд тэг зогсолт хийх хугацааг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-14 14:33:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан сумын Онцгой комиссоос “тэг” зогсолт хийх хугацааг дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 14:00 хүртэл сунгалаа.

Дөрөвдүгээр сарын 8-нд тус суманд коронавирусний сэжигтэй тохиолдол илэрч, 11-нд найман тохиолдол, 12,13-нд тус бүр гурван тохиолдол бүртгэгдэж, тус аймгийн хэмээнд батлагдсан тохиолдол 15 болсон.

Тиймээс аймгийн Онцгой комисс, сумын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 14-ний 14:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Эрдэнэдалай суманд “тэг” зогсолт хийсэн юм.

Тус суманд иргэдийн захиалгаар эм, хүнсний бүтээгдэхүүн, ундны усыг хүргэж өгөх үйлчилгээг гүйцэтгэж байгаа ба 180 гаруй төрийн алба хаагч эргүүл хийж, захиалга авах, хүргэх үйлчилгээг гүйцэтгэж байгаа аж.

Халдварын тархалтыг зогсоох зорилгоор ухаалаг худгуудыг хааж, ундны усыг зөөж өгч байгаа ба нэг өрх өдөрт бараг 300-500 литр ус хэрэглэж байгаа тул ус түгээх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэж байгааг сумын Онцгой комиссоос танилцууллаа.

Сумын төрийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч хүн хүч хүрэлцэхгүй байгаа тул иргэдийг хүлээцтэй байж, нөхцөл байдлыг ойлгон эрсдэлийг хамтран даван туулахыг сумын Онцгой комиссоос уриалж байна. 

Холбоотой мэдээ