Энэтхэг "Спутник V" вакциныг бүртгэсэн 60 дахь улс болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-04-13 09:48:39

МОСКВА. /TASS/. ОХУ-ын "Спутник V" коронавирусний вакциныг Энэтхэгт бүртгэлээ гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ. Энэтхэг уг вакциныг бүртгэсэн 60 дахь улс болсон байна.


"Спутник V" нь Энэтхэгт хэрэглэхийг зөвшөөрсөн коронавирусний гуравхан вакцины нэг болсныг онцолжээ. Тус улс мөн Оросын вакциныг бүртгэсэн орнуудаас хамгийн олон хүн амтай нь юм. 


Оросын вакциныг онцгой байдлын үед ашиглах журмаар бүртгэсэн байна. Ингэхдээ ОХУ-д явуулсан эмнэлзүйн туршилтуудын үр дүн болон Энэтхэгт “Dr. Reddy’s Laboratories” компанитай хамтран явуулсан эмнэлзүйн нэмэлт туршилтын гуравдугаар үе шатны мэдээллийг харгалзан үзжээ. 


Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мөн Энэтхэгийн эм үйлдвэрлэгч томоохон компаниудтай (“Gland Pharma”, “Hetero Biopharma”, “Panacea Biotec”, “Stelis Biopharma”, “Virchow Biotech”) жилд 850 сая гаруй тун вакцин үйлдвэрлэх гэрээ байгуулжээ.


Холбоотой мэдээ