“NASA” Ангараг дээр нисдэг тэрэг туршихаа түр хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-04-12 17:40:58

ВАШИНГТОН. /Reuters/. Ангараг гараг дээр “Ingenuity” нисдэг тэрэгнийхээ эхний туршилтын нислэгийг хийх хугацааг дөрөвдүгээр сарын 14 хүртэл хойшлуулснаа АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ ням гарагт мэдэгджээ.


Дэлхийгээс өөр гараг дээр хийх анхны алсын удирдлагатай нислэгийг дөрөвдүгээр сарын 11-нд товлоод байсан юм. Гэвч баасан гарагт хийсэн роторуудын туршилт урьдчилан тооцоолж байснаас эрт дууссан тул ийнхүү нислэгийг хойшлуулсан байна. 


NASA”-гийн мэдээлснээр, нисдэг тэрэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байна. Одоогийн байдлаар мэргэжилтнүүд туршилтын үеэр гарсан доголдлыг тодорхойлж байгаа бөгөөд бүрэн оношилсныхоо дараа нислэгийн товыг шинээр танилцуулах ажээ.


NASA”-гийн “Perseverance” сансрын аппарат Улаан нүдэн гаргийн “Jezero” тогоонд хоёрдугаар сарын 18-нд газардсан юм. Энэхүү аппаратад бэхлэгдэн буусан “Ingenuity” нисдэг тэргээр Ангараг дээр 30 хүртэлх хоногийн турш туршилт хийхээр төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ