Буу зэвсгийн хэрэглээнд хатуу хяналт тавихыг НҮБ уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-16 10:28:33

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын өмнөд нутгийн Флорида муж улсад олон хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарсантай холбогдуулан бууны хэрэглээг хянах талаар авч буй арга хэмжээг чангатгахыг АНУ-ын холбогдох албаны хүмүүст НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан албаны хүн уриаллаа.

НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Зейд Раад Аль-Хуссейн мэдэгдэл хийхдээ “бууны хэрэглээнд тавих хяналт сул байгаагаас үүдэлтэй, урьдчилан сэргийлж болох хүчирхийлэл халдлагаас иргэдээ хамгаалах үүргээ АНУ-ын удирдлага биелүүлэх хэрэгтэй” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт АНУ-ын Орландо хотод ижил хүйстнүүд цуглардаг шөнийн цэнгээний газарт нэгэн зэвсэгт этгээд 49 хүнийг буудан хөнөөж, 53 хүнийг шархдуулсан юм. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн, буугаар үйлдсэн халдлага болсон билээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, бууны хэрэглээг хатуу хянах арга хэмжээ авахыг АНУ-аас Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар албан ёсоор хүссэн анхны тохиолдол нь энэ ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ