Б.Жавхлан: Файзерын вакциныг тавдугаар сард нэмж татан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-08 16:27:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар сэтгүүлчдийн асуултад хариулж байна. 


Засгийн газрын хуралдаанаар, энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дөрөвдүгээр зэрэг "улаан" түвшин буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжихээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгохоор болсон юм. 


-Иргэн бүрт олгох 300 мянган төгрөгийн тооцоог хэрхэн гаргасан бэ?


-Б.Жавхлан: Оюутолгойн татвартай холбоотой арбитрын маргаан явж байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад төлөх ёстой татварын акт ногдуулсан. Арбитрын шүүх энэ хөрөнгийг төлөхийг шаардаж дотоод, гадаадын ямар ч аж ахуйн нэгж төлөх үүрэгтэй. Энэ хүрээнд Оюутолгой ХХК-иас гурван удаагийн гүйлгээгээр нэг их наяд 26,5 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Үүнийг нь 3.3 сая иргэндээ хуваахад нэг иргэнд 300 мянган төгрөг оногдох тооцоо гарсан.


-Инфляцийн түвшин, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх асуудлыг Засгийн газар хэрхэн шийдвэрлэх вэ. Одоо ч өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх хандлагатай байна шүү дээ?


-Б.Жавхлан: Энэ хэмжээгээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Одоо инфляцийн түвшин 2.6 хувьтай байна. Өргөн хэрэглээний барааны үнэ одоогоор нэмэгдсэн зүйл байхгүй. Статистик тоон мэдээллүүд үүнийг нотолж байна. Харин энэ санхүүгийн дэмжлэг гарч байгаатай холбоотой барааны үнийн хөөрөгдөл, инфляцид нөлөөлөх асуудал гарвал Төв банкны бодлогын хүрээнд зохих арга хэмжээг авна.


-Засгийн газраас өмнө нь бэлэн мөнгө олгох бололцоогүй гэж мэдэгдэж байсан. Одоо тэгвэл төсвийн орлогоос санхүүжүүлэхгүйгээр, Оюутолгойн төлсөн татвараар энэхүү мөнгөн дэмжлэгийг иргэдэд олгоно гэж ойлгож болох уу?


Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг 6 хувь агшсан, төсөв 23 хувиар тасарсан байсан. Зээл гарч байгаатай холбогдуулан аж ахуйн нэгжүүдийг НӨАТ, татварын төлөлтөөр төсвийн орлого нэмэгдэж байна. Одоо бол төсвийн орлого 90 хувьтай биелж, эдийн засагт сайн нөлөө гарч эхэлсэн. Зах зээлд эргэх ёстой байсан 7.9 их наяд төгрөг Төвбанканд түгжигдсэн байсан. Үүнийг буцааж эргэлтэд оруулах нь Засгийн газрын тухайн үеийн сорилт байсан. Энэ бол хадгаламж эзэмшигчдийн буюу банкны эх үүсвэр гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ мөнгийг зах зээл рүү түлхэж оруулахын тулд Засгийн газраас 10 их наядын хөтөлбөр зарласан. Ингэхдээ, зээлийн хүүгийн зөрүүг Засгийн газраас төлж байгаа.

Арилжааны банканд Засгийн газар мөнгө байршуулж зээл өгөөд байгаа асуудал байхгүй. Энэ ажил үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэж эхэллээ. Далд эдийн засгийг цэгцлэх, бүртгэлээ сайжруулах агуулгаар зээл авах аж ахуйн нэгжүүдэд зөвхөн НӨАТ төлөгч байх шаардлага тавьж байна.  Сүүлийн 30 жилийн хугацаанд арилжааны банкнаас 3 хувийн хүүтэй зээл авч байсан тохиолдол байхгүй. Цаашид энэ ажил хадгаламжийн хүүнд нөлөөлж, гурван жилийн хугацаанд үргэлжилсний дараа зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлнэ. 


Өмнө нь Засгийн газраас бэлэн мөнгө тараах нөөц байгаагүй. Сүүлийн сар гаруйн хугацаанд Оюутолгойн татварын маргаан шийдэгдэж эх үүсвэр орж ирсэн. Үүнийг эдийн засгаа сэргээхийн тулд хөл хорио тогтоосон үед зарцуулах нь зөв гэж үзсэн. Түүнээс биш төсвөөс энэ мөнгийг гаргах боломж байхгүй. Хөл хорио тавихгүй бол энэ санхүүжилтийг өөр зүйлд зарцуулахаар төлөвлөж байсан. Гэхдээ хөл хорио тогтоохгүй бол дархлаажуулах ажил үр дүнгүй болох эрсдэл байна. 


Эхний тун хийлгэсэн хүмүүс халдвар аваад эхэлбэл дархлаажуулах ажил үр дүнгүй болж эдийн засаг маш их хохирол амсана. Тиймээс байгаа бүх боломжоо шавхаж төр, иргэдийн оролцоотой хамгийн сүүлчийн хөл хорио байгаасай гэж хүсэж байна. 


-Манай улсад уушги орлуулах хэдэн аппарат байна вэ. Өдөр бүр хүн амиа алдаж байгаа шалтгаан юу вэ?


-С.Энхболд: Манай улсад уушги орлуулах нэг ширхэг аппарат байна. Энэ аппаратаар хоёр хүнийг эмчилсэн байна. Эмчилгээнд ямар нэгэн алдаа дутагдал байхгүй, стандартын дагуу явж байгаа. Сүүлийн үед амиа алдсан хүний тоо нэмэгдэж байгаа шалтгаан нь архаг, суурь өвчтэй, ахмад настнууд хүнд өвдөж байна. 


-Файзерын вакцинд зорилтот бүлгийн хүмүүсийг хамруулж чадаж байна уу?


-С.Энхболд: Манай улсад 25 740 файзерын вакцины тун татан авсан. Энэ вакцин хариу урвал бага үзүүлдэг. Дэлхийн улс орнууд бөөр орлуулах эмчилгээ хийлгэдэг, дархлаа дарангуйлах эм уудаг зэрэг хүмүүсийг хамруулж байна.  Манай улс ч энэ жишгээр бөөр орлуулах эмчилгээнд ордог, эрхтэн шилжүүлэн суулгасан, дархлаа дарангуйлах эм уудаг зэрэг хүмүүст энэ вакциныг хийж байгаа. 


Б.Жавхлан: Файзерын вакциныг нэмж татан авахаар гэрээ байгуулсан. Тавдугаар сард татан авна. Зорилтот бүлгийн иргэдийн тооноос хэд давсан хэмжээгээр орж ирэх тул нөөцөд санаа зовох зүйл байхгүй.

Холбоотой мэдээ