Эрдэмтэд тархины эсүүд дофаминыг хэрхэн ялгаруулдгийг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-04-07 17:01:06

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Дофамин үйлдвэрлэх үүрэгтэй мэдрэлийн эсүүд тааламжтай мэдрэмжийн шалтгаан болдог энэхүү дааврыг тархинд хэзээ, ямар хэмжээгээр ялгаруулахаа урьд өмнө таамаглаж байсны дагуу мэдрэлийн эсүүдээс ирж буй дохиогоор бус өөрсдөө шийддэг болохыг Америкийн биологичид тогтоожээ. Эрдэмтдийн судалгааны үр дүнг “Cell Reports” сэтгүүлд нийтэлсэн байна.


Дофамин даавар бол тархины янз бүрийн хэсгүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг хамгийн чухал нейротрансмиттерүүдийн нэг бөгөөд тархины “шагнал урамшлын системийн” чухал элемент юм. Хүний тархи ажиллахгүй байх дургүй, үргэлж завгүй байхад дуртай байдаг ажээ. Ээлжит даалгавраа гүйцэтгэсний шагнал болгож тархи дофамин ялгаруулах бөгөөд ингэснээр бид илүү аз жаргалтай болдог байна. Энэхүү даавар мөн урам зориг, сурах үйл явцад нөлөөлж, урьдаас баярлаж бахдах мэдрэмжийг өгдөг. Нөгөөтээгүүр, дофамины эсүүдийн үхэл нь Паркинсоны өвчин үүсэх нэг шалтгаан болдог байна. Тиймээс биологичид эдгээр эсийг онцгой анхааралтай судалдаг ажээ.


Өнөөг хүртэл дофамин ялгаруулагч бүлэг эсүүдийн үйл ажиллагаа хөрш зэргэлдээх эсүүдийн мэдээллээс шууд хамаардаг гэж үздэг байсан боловч Гроссманы нэрэмжит Нью-Йоркийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд бусад хүрээлэнгийн судлаачидтай хамтран өөрийгөө зохицуулдаг механизм нь энэхүү үйл явцад гол үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоожээ.  


“Бидний судалгааны үр дүн бол дофамины нейронууд өөрсдийгөө зохицуулдаг болохыг нотлох анхны нотолгоо юм” гэж Нью-Йоркийн академик анагаах ухааны төв болох “NYU Langone Health”-ийн мэдрэлийн мэс заслын тасгийн эмч, судалгааг удирдан явуулсан Такуя Хикима ярьсан байна.


Дофаминыг ялгаруулах механизмын талаарх өмнөх ойлголт хэт олон асуулт дагуулж байсан тул эрдэмтэд судалгаа хийхээр шийджээ. Дофамины эсүүд өөрсдийгөө зохицуулах механизмыг ашигладаг болохыг нотлохын тулд эрдэмтэд туршилт явуулсан байна. Тэд хулганы тархины зарим эсүүдэд ботокс буюу мэдрэлийн эсүүдийн бусад эсүүддээ илгээх химийн бодисын мэдээллийг блоколдог бодисыг тарьж, эдгээр эсүүд дофаминыг үргэлжлүүлэн ялгаруулж байгаа эсэхийг ажиглажээ.  


Ингэхэд "саажсан" эсүүд хэдийгээр "эрүүл" эсүүдээс дохио ирж байсан боловч дофамин ялгаруулахаа больсон байна. Үүнээс судлаачид дофамин үйлдвэрлэх үйл явц өөрөө өөрийгөө зохицуулдаг гэж дүгнэжээ. 


Цаашлаад эрдэмтэд дофамины эсүүдийн өөрсдийгөө зохицуулдаг механизм нь Паркинсоны өвчинтэй ямар холбоотой болохыг судлахаар төлөвлөсөн байна.




Холбоотой мэдээ