Гэр бүлийн хүчирхийлэл сүүлийн гурван жилд өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-05 12:09:35

Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Баярбатын мэдээллийг сонслоо.  

Аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилд гэр бүлийн хүчирхийллийн есөн гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчлийн тоо 2020 онд сүүлийн хоёр жилийнхээс 30-55,6 хувь өсч, 221 бүртгэгдэн цагдаагийн байгууллагаар шийдэгджээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2018-2020 онд тус бүр 4 гэр бүл албан ёсоор гэрлэлтээ цуцалсан байна гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээлэлд дурдлаа.   

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалтай холбогдуулан архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, ахуйн хүрээний архидалт, эцэг эх байх үүрэг хариуцлагын талаарх сургалт, малчны хотонд хууль эрх зүй, сэтгэл зүй, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилсан нөлөөллийн ажлыг сайжруулах чиглэлийг тус газарт өглөө.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2016 оноос хүчирхийлэлд өртсөн хохирогчдын түр хамгаалах байрыг байгуулан мэргэжлийн боловсон хүчнээр ханган ажиллаж байгаа бөгөөд таван жилд 20 насанд хүрэгч, 76 хүүхэд 473 хоногийн үйлчилгээ авсан байна.

Холбоотой мэдээ