Токио хотын дарга огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-15 14:42:29

ТОКИО. /Sputnik/. Санхүүгийн зөрчил гаргасан, улсын мөнгө шамшигдуулсан гэх дуулиан шуугиантай холбоотойгоор албан тушаалаасаа огцорч байгаа гэдгээ Токио хотын дарга Ёичи Масүзоэ албан ёсоор мэдэгдлээ.

Өдгөө 67 настай Масүзоэ хувийн зорилгоор, тухайлбал аяллаар явах, тансаг зүйлс хэрэглэх зэрэгт төсвийн мөнгөнөөс 2 сая гаруй долларыг зарцуулсан гэж сэтгүүлчид шуугих болсон юм. Үүнээс үүдэн тэрбээр ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан юм.

Түүнийг огцруулах эсэхийг шийдэхийн тулд Токио хотын ИТХ-ын гишүүдийн дунд өнөөдөр санал хураалт явуулахаар товлосон байсан боловч Масүзоэ өөрийн хүсэлтээр огцрохоор шийдсэн тул санал хураалтыг цуцалжээ.

Токио хотын шинэ даргыг сонгох сонгуулийг ирэх сарын сүүлчээр эсвэл наймдугаар сарын эхээр явуулах төлөвтэй байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ