Берлусконид хийсэн мэс засал амжилттай болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-15 11:02:38

МИЛАН. /Reuters/. Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони зүрхний гол судасны хавхлага солих хагалгаанд оржээ. Тэрбээр одоо эрчимт эмчилгээ хийлгэж байна.

Хагалгаа 4 цаг үргэлжилсэн гэхээс өөр тодорхой мэдээллийг Милан хотын Сан–Раффаэле эмнэлгийн удирдлага  өгсөнгүй.

Харин эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, хагалгаа амжилттай болсон бөгөөд биеэ тэнхрүүлэхэд нэг сарын хугацаа хэрэгтэй байж магадгүй ажээ.

Өдгөө 79 настай Берлускони Италийн ерөнхий сайдаар дөрвөн ч удаа томилогдон ажиллаж байсан юм. Хожим нь тэрбээр татвараас зайлсхийсэн болон авлигын хэргээр ял шийтгүүлсэн билээ.

Цагтаа Италийн улс төрд цахиур хагалж явсан түүний улс төрийн нөлөө 2011 оноос хойш суларсаар байгаа юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ