ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хобби юу вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-30 15:09:49

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний гол хобби нь ном унших бөгөөд тэрбээр түүхэн ном, зохиол, дурсамжийн номуудыг илүүд үздэг аж. Тэрбээр мөн сонин уншдаг, гадаад хэлээр телевизийн сувгууд үздэг, долоо хоногт хэд хэдэн удаа англи хэлний мэдлэгээ дээшлүүлдэг гэнэ.  


“Ерөнхийлөгчийн гол хобби бол ном унших бөгөөд тэрбээр голдуу түүхэн уран зохиол, дурсамжийн ном уншдаг” гэж ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "Аргументы и факты" сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.


Түүний хэлснээр, В.Путин сонин захиалдаг байна. "Захиалсан сонинууд Кремль, Ново-Огарёвод ирдэг. Түүнийг хаа нэгтээ нисэх үед онгоцонд үргэлж байж байдаг. Тиймээс тэрбээр сонинг хангалттай олон удаа уншдаг. Үүнээс гадна, тэрбээр хэвлэлүүдийн эмхтгэл хүлээж авдаг" гэж Кремлийн төлөөлөгч ярьсан байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч мөн “Германы телевизийн сувгууд, англи хэлээрх сувгуудыг үздэг” гэнэ.


"Өдөр бүр биш, гэхдээ долоо хоногт хэд хэдэн удаа тэрээр англи хэлний мэдлэгээ дээшлүүлдэг. Эдгээр нь богинохон хичээлүүд байдаг боловч тогтмол байдаг" гэж Песков ярьжээ.

Холбоотой мэдээ