Токиогийн Олимпыг зохион байгуулагчид гадаадын үзэгчдийн талаар хэлэлцэнэ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-03-17 09:53:52

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимп, Паралимпыг зохион байгуулагчид ирэх даваа гарагт өндөр түвшний уулзалт хийхээр төлөвлөж байна гэж эх сурвалж мэдээлжээ. Энэхүү уулзалтын үеэр гадаадын үзэгчдийг хүлээн авах эсэх асуудлыг голчлон хэлэлцэх төлөвтэй байна.


Олон улсын олимпын хороо /ОУОХ/ болон Олимпын наадмын зохион байгуулалтын төлөвлөгөөг хариуцаж буй дөрвөн байгууллага цар тахалтай холбогдуулан зуны Олимпын үеэр гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргах өндөр магадлалтай байгаа ажээ.


Японы Засгийн газар вирусний халдвар нэмж тархаж болзошгүйд олон нийт санаа зовниж, илүү хурдан халдварладаг хувилбарууд олон оронд бүртгэгдсэнийг харгалзан хилийн чанадаас үзэгчид хүлээн авах боломжгүй гэж хэдийн шийдвэрлэсэн талаар холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.


ОУОХ-ны тэргүүн Томас Бах өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон хэвлэлийн бага хурлын үеэр, Япон улс гадаадын үзэгчидтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээснийг дурдаад, манай байгууллага “тэдний шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна” гэж мэдэгдсэн юм.


Даваа гарагт болох цахим уулзалтад Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко, Олон улсын паралимпын хорооны тэргүүн Эндрю Парсонс, Токио хотын захирагч Койкэ Юрико, Японы Олимпын сайд Марүкава Тамаё нар оролцох төлөвтэй байна.


Эдгээр таван байгууллага хилийн чанадаас үзэгчид хүлээн авах эсэх асуудлыг гуравдугаар сарын эцэс гэхэд шийдвэрлэхээр тохиролцсон бөгөөд тэмцээн болох газруудын суудал дүүргэлтийн талаарх шийдвэрийг дөрөвдүгээр сард гаргах ажээ.


Токиогийн Олимпын хорооны тэргүүний албыг энэ оны хоёрдугаар сараас хашиж эхэлсэн Х.Сэйко гадаадын үзэгчидтэй холбоотой шийдвэрийг Олимпын бамбарын буухиа эхлэхээс өмнө эцэслэн гаргах хэрэгтэй гэж өмнө нь мэдэгджээ. Бамбарын буухиаг зүүн хойд нутгийн Фүкүшима мужаас энэ сарын 25-наас эхлүүлэх юм. 

Холбоотой мэдээ