Булган аймагт 27 барилгын дээвэр хууларчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-15 18:15:13

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн зарим нутгаар өчигдөр болсон хүчтэй салхи, байгалийн аюултай үзэгдлийн улмаас учирсан хохирлын талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Урьдчилсан байдлаар мөн өдөр Онцгой байдлын газарт 13 удаагийн дуудлага мэдээлэл ирснээс алга болсон долоон хүн, обьектын гал түймрийн дуудлага нэг, гэр нурсан 22, мал хорогдсон 90, цахилгааны дамжуулах тулгуур унасан 49, цонх хагарсан гурав,  барилгын дээвэр салхинд хуурсан 12, Могод, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур суманд цахилгаан эрчим хүчээр хязгаарласан мэдээлэлтэй байна гэж аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад С.Ганбаяр ярилаа. Байгалийн гэнэтийн гамшгийн улмаас учирсан хохирлыг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан мэдээллээр аймгийн хэмжээнд 27 барилгын дээвэр салхинд хууларч, 28 гэр нурсан байна. Гурванбулаг суманд 200, Могод сумын төвийн айл, өрхийн тал хувийнх нь хашаа нурсан мэдээтэй байгаа аж.

Салхины хурд Могод, Гурванбулаг, Бүрэгхангай суманд 33-34 м/с буюу аюултай түвшинд хүрсэн байжээ.

Холбоотой мэдээ