Энэ цагийн эгэл баатар охин

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-03-10 11:54:06

Хэнтий /МОНЦАМЭ/ Өмнөдэлгэр сумын 7б ангийн сурагч Жамсранжавын Тэгшжаргал ТВ9 телевизээс зохион байгуулдаг “Энэ цагийн Эгэл баатар”-аар энэ жил тодорчээ.

Тэрээр зургаан настайдаа гэр нь шатсан айлын хүүхдүүдэд хувцас өгч хүмүүнлэгийн ажлаа эхлүүлснээс хойш сургуулийнхаа бие засах газрыг тохижуулахаар “Дэлхийн зөн” ОУБ-д төсөл бичин 1000 хүүхдийн бие засах газрын асуудлыг багш, ажилчид, эцэг эхчүүдтэйгээ нийлэн шийдсэн, Соёлын төв, цэцэрлэгийн барилгын ажил хийж байгаа хүмүүст цагаан идээ, хоол цай хийж өгдөг байсан, амьдралын баталгаажих түвшнээс  доогуур орлоготой айл өрхүүдэд хувцас, хоол хүнс, хичээлийн хэрэгсэл өгсөн, эмнэлгийн хоёр өрөөг тохижуулж цэвэр тохилог орчныг бүрдүүлсэн гээд санаачилж, зохион байгуулж хийсэн ажлууд нь түүнийг тодорхойлно. Өнгөрсөн жилд гэхэд л 4 сая гаруй төгрөгийн хүмүүнлэгийн ажил хийжээ.

Сум орон нутаг, төр засагтаа хичээл зүтгэлээ үнэлүүлж, Монгол Улсын "Шилдэг хүүхэд", "Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн", "Энэрэнгүй үйлстэн", "Тусч хүүхэд" гээд олон өргөмжлөл хүртсэн ч жил бүр хийх ажлаа тодорхойлж, бусдад туслан, бусдыг хүндэлж, ойлгохын төлөө хичээнгүйлэн тэмүүлсээр байна.

Сум, орон нутгийнхаа нэр хүндийг түмэнд хүргэн, үлгэр дууриал болж Эгэл баатраар тодорсон шавийнхаа талаар Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн бага ангийн багш Г.Алтантуяа ийнхүү өгүүлж байна.

Миний шавь Ж.Тэгшжаргал ТВ9 телевизийн Эгэл баатар гэсэн хүндэтгэлтэй шагналын эзэн болж байгаад баяртай байна. 1 дүгээр ангидаа ороод л Өсвөрийн улаан загалмай нийгэмлэгийн гишүүн болж, ангийнхныгаа уриалснаар ангиараа гишүүнээр элсэж, сайн үйлсийн төлөө гар, сэтгэл нэгдэн ажиллаж байсан. Ж.Тэгшжаргал удирдан зохион байгуулах авьяастай, 7 дахь жилдээ онц сайн дүнтэй суралцаж байгаа шилдэг сурагч юм. Багаасаа хүнд тус дэм болж, хаана яаж хэнд тус болох вэ гэдгээ хараад эмээ өвөөтэйгөө зөвлөлдөн, өөрийн санаачилгаараа олон ажлыг хийж байна. Эмнэлгээр ороод гарахдаа л хана нь халцарсан байна, энд засвар хийх хэрэгтэй гэж бодсоноо гэрийнхэндээ хэлээд 2 өрөөг нь тохижуулж зассан, сургуулийн подвалийг тохижуулж дотор хананд нь зураг зурж хүүхдэд тохитой, хичээлээ хийгээд сууж болохоор тохилог орчин бүрдүүлсэн. Мөн цэцэрлэгийн дүү нартаа хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, цагаан идээгээр тусламж үзүүлсэн гээд хийсэн ажлыг нь тоочоод байвал дуусахгүй. Миний хувьд өөрийнх нь санаачилсан ажлыг анги хамт олноороо дэмжин, багш хүний хувьд заавар зөвлөгөө өгдөг. Ж.Тэгшжаргал маань гэр бүлийнхэнтэйгээ цагаан идээ боловсруулан, жимс жимсгэнэ, хүнсний ногоо тарьж, даршлан боловсруулахаас гадна оёдол хатгамал хийх гээд туйлын хөдөлмөрч, хичээнгүй, хүнлэг энэрэнгүй эгэл баатар юм.

Холбоотой мэдээ