Х.Клинтоныг дэмжихээ АНУ-ын дэд Ерөнхийлөгч мэдэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-10 16:43:08

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болсон Хиллари Клинтоныг дэмжиж байгаагаа тус улсын дэд Ерөнхийлөгч Жо Байден болон сенатч Элизабет Уоррен нар илэрхийллээ.

Байден өчигдөр үг хэлэхдээ “Х.Клинтон АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болно” гэжээ. Байденыг ийм мэдэгдэл хийхийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мөн Х.Клинтоныг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Массачусетс муж улсын сенатч Элизабет Уоррен мөн Х.Клинтоныг дэмжиж байгаагаа зарлажээ. Уоррен болон Х.Клинтонтой нам дотроо өрсөлдөж буй сенатч Берни Сандерс нар улс төрийн талаар үзэл бодол нэгтнүүд юм.

Уоррен хэлэхдээ “Би Х.Клинтоныг дараагийн ерөнхийлөгч болоход туслахаар түүний төлөө ажиллахад бэлэн байна. Дональд Трампыг Цагаан ордны тэргүүн болж чадахгүй гэж боддог” гэжээ.

Хатагтай Уоррен бол либералуудын дунд нэлээд нэр хүндтэй бөгөөд дараагийн дэд ерөнхийлөгч болох магадлалтай нэгэн юм.

Гэхдээ тэрбээр Х.Клинтоныг дэмжинэ гэж мэдэгдээгүй байсан Ардчилсан намын цорын ганц эмэгтэй сенатч байв.

Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтоныг Уоррен дэмжиж байгаагаа мэдэгдсэнээр Сандерсын зарим дэмжигчид Х.Клинтон руу "урваж" магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

 


 

 

Холбоотой мэдээ