Зорилтот бүлгийн 22 хувьд коронавирусний вакцин хийгээд байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-02-25 11:48:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар 3 112 хүн коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна. Энэ нь эхний удаад дархлаажуулахаар төлөвлөсөн зорилтот бүлгийн 22 хувийг эзэлж байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэв.


Тэрбээр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр, “Дэлхий дахинд коронавирусний эсрэг дархлаажуулалтын ажил эхлээд хоёр сар болж байна. Манай улсад гурав дахь өдрөө үргэлжилж байна. Бид коронавирусний эсрэг “АстраЗенека” вакцинаар эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14 092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн” гэв.


Монгол Улсын Дархлаажуулалтын хуулийн дагуу манай улсад товлолын, нөхөн, нэмэлт, сайн дурын, тархвар судлалын заалт бүхий гэхчлэн таван төрлийн дархлаажуулалт хийдэг байна. Хамгийн түрүүнд зорилтот бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан, 50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дархлаажуулж буй юм.

Вакцин хийлгэсний дараа халуурах, булчин, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, даарах, бүх бие, үе мөч өвдөх, ядрах, хамар битүүрэх, хэсэг газарт улайх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.


Энэ нь вакцин хийлгэснээс хойш 2-3 хоногийн дараа аяндаа алга болдог. Хэрэв дээрх шинж тэмдгүүдийн зовуурь ихэсвэл 119 болон вакцин хийлгэсэн харьяа эрүүл мэндийн төвийн эмчид хандаж зөвлөгөө авах боломжтой аж.


Вакцины эхний үр дүнг ДЭМБ дэлхийд “COVID-19” тохиолдлын тоо сүүлийн 6 долоо хоног дараалан буурч байгааг мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, 2 сарын 21-ний долоо хоногт тохиолдлын тоо 11 хувиар буурсан байна. Нас баралт өмнөх долоо хоногийнхоос 20 хувиар буурчээ. 


Холбоотой мэдээ