Герман улс бичил бизнесийн санхүүжилтийг үргэлжлүүлэхээ мэдэгдэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-02-24 14:56:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ энэ онд манай улсын бичил бизнест 25.000 хүртэлх еврогийн санхүүжилт олгохоо мэдэгдэж байна. Тодруулбал, бичил төслүүдийг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг олгох нь. ЭСЯ-наас өнгөрсөн хугацаанд санхүүжүүлэн дэмжиж ирсэн олон тооны бичил төсөл нь хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа хүмүүст болон байгууллагуудад туслахыг зорьсон. Ингэхийн тулд ямагт олон сая еврогийн эсвэл төгрөгийн дэмжлэг бус харин оновчтой шийдэл бүхий жижиг туслалцаа ч хэрэг болдог. Тиймээс Монгол Улсад туслалцаа нэн шаардлагатай байгаа хүмүүст эсвэл байгууллагуудад бодит дэмжлэг үзүүлэх зорилгыг өмнөө тавьсан ТББ-уудын төслийн саналыг онцгойлон авч үзэхээ мэдэгдэж байна. 

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд ЭСЯ-ны дэмжлэгээр Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв ТББ нь зуны зуслангаа сэргээн засварлаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлийн гишүүдийг дөрвөн улиралд хүлээн авах чадамжтай болсон. Тус зуслан нь сувиллын үйлчилгээ үзүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх чадварыг дэмжих, тэднийг тогтмол ажлын байртай болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бодит дадлагад түшиглэсэн сургалтуудыг зохион байгуулж иржээ. 


ЭСЯ энэ жил дэмжих төслүүддээ "COVID-19" цар тахлын сөрөг үр дагавартай тэмцэх  нэмэлт бүрдэл хэсэг тусгажээ. Салбар сэдэв харгалзахгүй төслийн санхүүжилтээ үргэлжлүүлэн олгохоос гадна 2021 онд нийгмийн эмзэг бүлгийн, нэн ялангуяа хүүхэд, залуучуудын, цар тахлын үед боловсрол эзэмших байдлыг шийдвэрлэхэд чиглэсэн төслийн саналыг хүлээн авч, тусад нь сонгон шалгаруулж санхүүжүүлэхээ мэдэгдэж байна. Энд хамаарах төслүүд мөн 25.000 хүртэлх еврогийн санхүүжилттэйгээр хэрэгжих боломжтой бөгөөд үндэслэл бүхий онцгой тохиолдолд илүү өндөр дүнтэй дэмжлэг авах боломжтой аж.


Холбоотой мэдээ