Мал эмнэлгийн үйлчилгээ цахим системд бүрэн шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-02-23 18:02:03

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд Мал эмнэлгийн үйлчилгээ цахим системд бүрэн шилжлээ.

Тус аймаг мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг мөрдөн мөшгөх тогтолцоог хэрэгжүүлэх, мал эмнэлгийн цахим гэрчилгээ нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд энэ сарын 22-нд цахим гэрчилгээжүүлэх ажилд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг "Хөгжлийн технологи" ХХК-иас хүлээн авсан байна. Дээрх тоног төхөөрөмжийг 14 сумын мал эмнэлгийн тасаг, 44 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгч дөрвөн аж ахуй нэгж, мал нядалгааны гурван цэг, түүхий эд бүтээгдэхүүн худалдааны 16 цэгт суурилуулж эхэлжээ.

Ийнхүү цахимжуулснаар мал эмнэлгийн үйлчилгээ болон мал, амьтан, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг аймаг, сумын нутаг дэвсгэрээс гадагш худалдах, төхөөрөх, хээлтүүлэгт ашиглах, отор нүүдэл хийх, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих боломж бүрдэж байна. Мөн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын уялдаа, холбоо сайжирч, хариуцлагын тогтолцоо бий болж байгаа юм.

Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаа: "Мал эмнэлгийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж, мал эмнэлгийн гэрчилгээ баталгаажуулалтын системээр дамжуулан бүтээгдэхүүний мөрдөн мөшгөх, хүнсний аюулгүй байдал, эрүүл тусгаарлагдсан бүс байгуулах тогтолцоо бүрдэж, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа цахимжиж, малчдад чирэгдэлгүй болж байна" гэж тодотгов.

Холбоотой мэдээ