“Өнөр бүл II” киног бүтээхэд хандив өргөхийг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын уран сайхны “Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг бүтээх болсноо МУГЖ Ч.Алтан-Өлзий, Ц.Цэнд-Аюуш нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
“Хүлэгү пикчерс” кино компани, “Монгол кино нэгтгэл”-тэй хамтран “Эдүгээчилсэн монгол кино” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Д.Дожоодоржийн зохиол, Д.Жигжидийн найруулгаар 1980 онд бүтсэн “Өнөр бүл” уран сайхны киног шинэчлэн “Өнөр бүл өнөө цагт” киног бүтээсэн юм. Эл киноны зохиолыг Т.Номинзул бичиж, СТА жүжигчин С.Баттулга найруулан саяхан дэлгэцийн бүтээл болгоод байгаа ч 1980 онд тус кинонд тоглож байсан жүжигчид сэтгэл дундуур буйгаа хэлсэн юм.
Тэд “Өнөр бүл II” уран сайхны киноны зохиолоо бичиж, Монголын зохиолчийн эрхийн гэрчилгээг нь авчээ. Улмаар киног бүтээхэд 250 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд ард түмнээсээ хандив хүсч буйгаа илэрхийлэв. Одоогоор 20 сая төгрөг цуглаад байгаа ажээ.
Хэрэв та хандив өргөхийг хүсвэл ХААН банкны 5020291103, Худалдаа хөгжлийн банкны 495053040 тоот дансанд илгээх боломжтой.
Эл бүтээлд 36 жилийн дараах Цэрмаа, Гармаа болон хоёр ихэр хэрхэн аж, төрөн амьдарч байгааг харуулах аж.
Ж.Болор