Тээврийн товчоо орчмыг шинэчлэн тохижуулахад хамтарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-19 17:06:06
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, орлогч дарга Г.Энхбаяр нар энэ сарын 18-нд аймгийн Тээврийн товчоо орчимд хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсов. Мөн үеэр, худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид тухайн орчныг цэвэр, бохирын нэгдсэн шугам сүлжээнд холбуулах санал хүсэлтээ уламжиллаа.
Аймгийн удирдлага хэлэхдээ, аймгийн төв рүү орж ирэх, дайраад өнгөрөх хэн бүхний нүдэнд ил харагдах орчин нөхцөл сайжрахгүй 1990-ээд оны хэв загвараар яваад буйг шүүмжилж, хэрэглэгчдийн шаардлагаар орчин үеийн шийдлээр, холбогдох стандартуудыг хангасан тухтай байр хоолтой, аяншиж ядарсан хэн ч алжаалаа тайлаад явах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр нэгдэн нийлж, санаачилга гарган, ажил хэрэг болгоно гэвэл дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Засаг дарга Д.Мөнхсайхан аймгийн зүгээс автомашины зогсоол, зам талбай, гэрэлтүүлэг зэргийг тавихад шаардагдах бараа материал, бусад санхүү мөнгөний тодорхой дэмжлэгийг үзүүлэх боломжтойг мөн хэлсэн. Мөн тэрээр, "Орон нутаг өөрийн иргэдээ ажилтай орлоготой байлгахыг чухалчилж, аймагт санал тавиад буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон төслүүдэд одоогоор хариу өгөөгүй байна. Гэвч та бүхэн яг л энэ хэвээрээ үргэлжлүүлээд байвал хэрэглэгчдийнхээ эрхийг хангаж өгөх үүднээс аймаг орон нутаг тус төслүүдэд зөвшөөрөл өгөхөөс өөрцгүй байдалд орно. Та бүхэн бусад орон нутгаас хоол үйлдвэрлэл үйлчилгээ, зочин хүлээж авах стандарт, загварыг судалж өөрчилж болно гэж хүлээн зөвшөөрвөл Тээврийн товчоог өөрчлөх төслөө боловсруулж ирэх тавдугаар сарын 01-ний дотор танилцуулаарай. Дэмжиж хамтран ажиллана" гэлээ.
Холбоотой мэдээ