Америкчуудын дийлэнх нь Дональд Трампыг улс төрөөс явах цаг нь болсон гэж үзэж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-02-13 11:55:25

ВАШИНГТОН. /RT/. Америкчуудын 50 гаруй хувь нь Ерөнхийлөгч асан Дональд Трампыг улс төрөөс бүрмөсөн явах ёстой гэж үзэж байгааг “CNBC” телевизээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Судалгааны дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 54 хувь нь Трампыг “улс төрөөс бүрмөсөн холдохыг” дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Санал асуулгад оролцсон Ардчилсан намын дэмжигчдийн 81 хувь нь, Бүгд найрамдахчуудыг дэмжигчдийн ердөө 26 хувь нь ийм бодолтой байна.


Бүгд найрамдахчуудын 74 хувь нь Трампыг улс төрд үргэлжлүүлэн оролцоосой гэж хүсэж байгаа бөгөөд тэдний 48 хувь нь Бүгд найрамдах намын дарга хэвээр үлдэх ёстой гэж үзэж байгаа бол 12 хувь нь ямар нэгэн намыг удирдах хэрэггүй гэж үзэж байна.


АНУ-ын Конгрессын Сенатын танхимд Трампт хариуцлага тооцох үйл явц эхлэхээс өмнө хоёрдугаар сарын 2-ноос 7-ны хооронд Америк даяар явуулсан онлайн судалгаанд 1000 орчим хүн оролцсон бөгөөд судалгааны үр дүнгийн алдаа нэмэх, хасах 3.5 хувь байжээ.  


АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Трампт импичмент зарлаж, түүнийг нэгдүгээр сарын 6-нд буюу Конгресс 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлах ёстой байсан өдөр жагсагчдыг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэрэгт буруутгасан билээ. Импичментийг хүчин төгөлдөр болгохын тулд Сенатын танхимын 100 гишүүний 67- гийнх нь санал шаардлагатай юм. Сенатын танхим энэ амралтын өдрүүдэд импичментийн асуудлаар санал хураах төлөвтэй байна.


Холбоотой мэдээ