Их Британийн Ерөнхий сайд, Германы Канцлер нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-09 10:37:34

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Германы Канцлер Ангела Меркель нар даваа гарагт утсаар ярьжээ.


Хоёр орны удирдагчид утсаар ярих үеэрээ коронавирусний цар тахалтай хамтран тэмцэх, Алексей Навальныйтай холбоотой асуудал болон Ирантай харилцах харилцааг хэлэлцлээ гэж Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар  мэдээлсэн байна.


“Ерөнхий сайд болон Германы Канцлер коронавирусний цар тахалтай хийж буй амаргүй тэмцлийн талаар хэлэлцэж, бүх улс оронд вакцин нийлүүлэх чиглэлээр Засгийн газрууд үргэлжлүүлэн хамтран ажиллах ёстой гэж тохиролцов. Түүнчлэн коронавирусний вакциныг тэгш хуваарилах зорилготой COVAX олон улсын механизмд дэмжлэг үзүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглэж, “Долоогийн бүлэг”-ийн хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ” гэж мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.


Талууд мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтарч хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг цохон тэмдэглэв. "Их Британид болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцод оролцогч талуудын 26 дугаар бага хурлын өмнө бид энэ сэдвээр нягт хамтран ажиллана" гэж мэдэгдэлд дурдсан байна.


Жонсон, Меркель нар "Афганистан, Ливи, Ираны байдал зэрэг олон улсын хэд хэдэн сэдвийг" хөндсөн байна. Үүнээс гадна, ОХУ-д "Навальныйг баривчилсан" талаар хэлэлцлээ гэж Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдээлжээ.


Холбоотой мэдээ