МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч Г.Баатарчулуун “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртэв

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-02-08 14:29:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч, яруу найрагч Гажидын Баатарчулуун өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ.


Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Баатарчулууныг МОНЦАМЭ агентлагийн удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл илэрхийлсэн юм. Энэ үеэр тус агентлагийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг "Монголын сэтгүүлзүйн ууган байгууллагын 100 жилийн босгон дээр гавьяат цолтон төрж байгаад баяртай байна. Монголын сэтгүүл зүйн буурал түүхийг улам бүр зузаалж, залуу хойч үедээ нөмөр түшиг, үлгэр дуурайлал нь болж явахыг ерөөе" хэмээв.


Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Баатарчулуун, “Энэ өндөр цолыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс олон салбарын, олон хүн хүртлээ. Энэ онд МОНЦАМЭ агентлагийнхаа 100 жилийн ойд бэлэг болгож миний бие 23 ном бүтээж, саяхан номын баяраа хийсэн. Би Сар шинийн баярын дараа 94 нас хүрнэ” хэмээгээд агентлагийн хамт олонд ажлын амжилт хүслээ.


Тэрбээр, МОНЦАМЭ агентлаг болон Монголын радиод тоймч сурвалжлагч, хариуцлагатай редактор, редакторын ажлыг 35 жил гүйцэтгэхдээ 60 мянга орчим мэдээ, мэдээлэл бэлтгэн нийтэд түгээсэн хэмээн дурссан юм.


Ташрамд сонирхуулахад, Г.Баатарчулуун 1968 онд Москвагийн Улсын Их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгсөхдөө дипломынхоо ажлыг "БНМАУ-ын цахилгаан мэдээний агентлаг" гэсэн сэдвээр хамгаалсан юм. Тэр уг дипломын ажилдаа 1921 оны 3 дугаар сарын 19-нд МОНТА буюу МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээг хилийн чанадад илгээсэн ОХУ-ын иргэн И.Г.Демко гэдэг хүний дурсамжаас чухал эх сурвалжийг авч үлдсэн нь өдгөө МОНЦАМЭ-гийн түүхэнд үнэлж баршгүй түүхэн баримт болсон билээ. 

Холбоотой мэдээ