Улаанбурханы эсрэг дархлаажуулалт 97 хувьтай хийгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-08 12:42:47

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад Дундговь аймагт аж төрж буй 18-35 насны иргэдийн 97 хувь хамрагдсан байна.

Орон нутагтаа оршин амьдардаггүй ч тус аймгийн харъяанд бүртгэлтэй энэ насны 7 мянга гаруй иргэн бий бөгөөд үүнтэй харьцуулахад нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан иргэд 87.5 хувь болж байгааг Эрүүл мэндийн  газраас мэдээллээ.

Орон нутагтаа аж төрж буй иргэдийн 3 хувь нь жирэмсэн, нэг сарын өмнө өөр төрлийн вакцин хийлгэсэн, улаан бурханаар өвдөөд нэг сар болоогүй эсвэл өндөгний харшилтай гэх зэрэг вакцин хийх хориотой шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй ажээ.

Нэмэлт дархлаажуулалтын хугацаа дуусгавар болсон. Харин өвчний голомтод хийх дархлаажуулалт үргэлжилж байна. Энэ нь улаан бурханы тохиолдол бүртгэгдсэн үед өвчилсөн хүний ойрын хавьтагчдад хийж буй вакцин юм.

Оны эхний таван сард Дундговь аймагт улаан бурханы 220 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны энэ үеийнхээс өссөн үзүүлэлт болж байгаа бөгөөд тавдугаар сард л гэхэд 53 тохиолдол бүртгэгджээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ