БНХАУ “Sinovac”-ийн вакцинд зөвшөөрөл олгожээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-02-07 12:26:53

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын үндэсний газар “Sinovac Biotech” компанид гарган авсан “CoronaVac” вакцинд нөхцөлтэйгээр хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олголоо гэж тус компани бямба гарагт мэдээллээ.


Бээжин хотод төвтэй “Sinovac Life Sciences” компанид үйлдвэрлэсэн уг вакцинд БНХАУ өнгөрсөн зургаадугаар сард онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгож, долоодугаар сараас тусгай бүлгийн хүмүүсийг дархлаажуулж эхэлжээ.


Мөн энэ оны нэгдүгээр сараас Индонез, Турк, Бразил, Чили, Колумби, Уругвай, Лаос “Sinovac”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ. “Sinovac Biotech” компанийн мэдээлснээр, эдгээр орон вакцины эмнэлзүйн туршилтын үр дүнг үнэлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авахад ихээхэн ач холбогдолтой гэж үзсэн ажээ.  


CoronaVac” вакцины хоёр тунг 14-28 хоногийн зайтай тариулах бөгөөд тун бүр 0.5 мл хэмжээтэй байна гэж “Sinovac” мэдээлжээ. БНХАУ-д уг вакцины нэг, хоёрдугаар шатны эмнэлзүйн туршилтыг 18-аас дээш насны хүмүүс оролцсоноос гадна 3-17 насны сайн дурынхныг мөн хамруулсан байна. Туршилтын үр дүн вакцин аюулгүй гэдгийг харуулж, бүх насны хүмүүст дархлаа үүсгэжээ.


Sinovac” 2020 оны долоодугаар сараас хойш эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтыг дөрвөн оронд буюу Бразил, Чили, Индонез, Туркт явуулсан бөгөөд үүнд 25 мянга гаруй сайн дурынхан оролцсон байна. 2020 оны 12 дугаар сарын 16-ны байдлаар Бразилд 18-аас дээш насны 12396 эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулахад хяналтын хугацаанд 253 хүнээс халдвар илэрчээ. Ийнхүү Бразилд явуулсан эмнэлзүйн туршилтаар вакцин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хүндээр өвчлөх, нас барахаас 100 хувь, эмчилгээ хийлгэхээс 83.7 хувь сэргийлсэн бөгөөд 91.25 хувийн ерөнхий үр дүн үзүүлжээ.


Өнгөрсөн 12 дугаар сард “Sinopharm” компанийн вакцинд нөхцөлтэйгээр хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг олгосон БНХАУ дотооддоо гарган авсан хоёр дахь вакцинд ийнхүү зөвшөөрөл олгож буй нь энэ юм. 

Холбоотой мэдээ