Аймгийн цагдаагийн байгууллагын ажилд ахиц гарсныг сайшаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-04 17:09:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн Цагдаагийн газрын 2020 оны тайланг хэлэлцлээ. Аймгийн Цагдаагийн байгууллага 2020 онд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой ахиц гаргаж ажилласныг сайшааж, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд анхаарч ажиллах чиглэл өгөв. Өнгөрсөн онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 22 нэгдсэн арга хэмжээ, 19 хэсэгчилсэн арга хэмжээ, 14 нэгдсэн үзлэг шалгалт зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллажээ.

“Шинэ жил”, “Хайр өвтгөдөггүй”, “Нуугдмал”, “Тулгалт”, “Ятгах тусам нягтал”, “Байгалиа хамгаалъя”, “Шийдвэрлэлт”, “Булган шийдвэрлэлт-2020-1, 2”, “Бодис-2020”, “Мал мах”, “Архигүй орчин”, “Согтуу” зэрэг ажил зохион байгуулан 17296 иргэнийг хамруулсан сургалт, мэдээлэл, уулзалт хэлэлцүүлэг хийжээ. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2150 ширхэг санамж, зөвлөмж бэлтгэн “Гэр бүлийн хүчирхийлэл”-тэй холбоотой хууль тогтоомж, аяны мэдээлэл оруулсан гарын авлага тараасан байна.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 3.2, хулгайлах гэмт хэрэг 26.8, мал хулгайлах гэмт хэрэг 49.6, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 26 хувь, зам тээврийн осол хэргийн улмаас нас баралтыг 3.1 дахин бууруулсан гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дүгнэсэн байна.

Холбоотой мэдээ