Засгийн газар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, Дубайн гэрээг цуцлахыг шаарджээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-26 13:58:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх болон Дубайн гэрээг цуцлах шаардлагыг хөрөнгө оруулагч талд тавьжээ.


Энэ талаар ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар Оюутолгой төслийн гэрээг цуцлахыг шаардаж өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай өнөөдөр уулзах үеэр мэдээлсэн юм.


ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар, “Өчигдөр бид Оюутолгой төслийн 2029 он хүртэлх санхүүгийн загварчлалыг хүлээж авсан. 2023 онд далд уурхай ашиглалт орохоор Оюутолгой төслийн борлуулалтын орлого өсөх бөгөөд 2029 он гэхэд 29 тэрбум ам.долларын борлуулалт хийхээр байна. Үүнээс 10 тэрбум ам.долларыг үйл ажиллагаандаа зарцуулна гэсэн тайлан ирүүлсэн. Үлдсэн 19 тэрбум ам.доллароос 12 тэрбумыг нь элэгдэл хорогдолд тооцох, 6.3 тэрбум ам.доллар үлдэж байгаа бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтаа нөхөөд, бид 3 тэрбум ам.долларын зээл төлөх загвар ирүүллээ. Тиймээс хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулж, гэрээг цуцлах эрхзүйн орчинг тодорхой болгох шат дараатай ажил хийж байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ажлын багийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-нд ажлын багийнхан Рио Тинтой компанийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард суусан. Энэ үеэр Дубайн гэрээг цуцлах, 2009 онд анх байгуулсан Үндсэн хөрөнгө оруулалтыг гэрээг сайжруулах бус бүрмөсөн өөрчлөх шаардлага тавьсан. Энэ сарын 18-нд хөрөнгө оруулагч талтай цахим уулзалт хийж, Монголын Засгийн газрын шаардлагыг хүлээж авахгүй бол хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн цуцлах хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлсэн. Тэгэхээр энэ төслийг Монгол Улсад ашигтай болгохын тулд С.Ганбаатар гишүүнтэй хамтран ажиллаж, ажлын багт оруулах болно” гэлээ.


ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго, “Засгийн газраас 2018 онд Оюутолгой компанид 350 тэрбум төгрөг, 2020 онд 650 тэрбум төгрөгийг татварын акт тавьсан. Энэ төлбөрийг төлөхөөс татгалзаж, Оюутолгой компани олон улсын шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар ирэх сарын сарын 21-ний дотор хариу тайлбар өгөх ёстой. Бид үндэслэл бүхий тайлбараа бэлдэж байна. Засгийн газраас байгуулсан ажлын баг 3 дэд багтай бөгөөд маш өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа” гэв.

Холбоотой мэдээ