Сурагчдын давтлага хичээлийг тусгай хуваарийн дагуу зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, цаг үеийн хэд хэдэн асуудал хэлэлцлээ.
Шинэ төрлийн
коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан сургууль,
цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагааг түр зогсоосон. Гэхдээ эцэг
эхийн саналыг үндэслэн, боловсролын салбарт хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, зохих журмын дагуу сургуулийн орчинд
давтлага хичээл зохион байгуулах шийдвэрийг Ховд аймгийн Онцгой комиссоос
гаргав.
Одоогоор ахлах ангийн
сурагчдад зориулсан танхимын давтлага хичээл явж байгаа бөгөөд
цаашид тусгай хуваарийн дагуу бага, дунд ангийн сурагчдад давтлага өгөх юм.
Давтлагыг Улсын Онцгой
комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар
хамгааллын дэглэм сахиж, ангид суудал хоорондын зай баримтлах, бөөгнөрөл үүсэхгүй
байхаар тооцож ажиллана.
Үүний дагуу Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас ерөнхий боловсролын сургуулиудад албан хуваарь, чиглэл хүргэх аж. Танхимын давтлага хичээлд 1-2 дугаар анги, 6, 9, 12 дугаар ангийн сурагчид хамрагдана.
Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль бий. 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 20600 орчим сурагч суралцаж буй. Үүнээс нэгдүгээр ангийн 2137 сурагч байна гэх судалгаа бий.